Туркменистанд оюутнуудыг олон нийтийн сүлжээ ашиглахыг хоригложээ
2021-11-18

Энэ сарын наймны өдөр Туркменабат дахь С.Сеидийн нэрэмжит багшийн дээд сургуулийн хурлын танхимд оюутнуудын ёс суртахууны асуудлаарх хурал болсон талаар "Хроника Туркменистана" мэдээллийн агентлаг дамжуулжээ. 

 

Энэ хурлын үеэр прокурорын газрын төлөөлөгч мэдэгдэл хийхдээ гадаад орны цахим хэвлэл, олон нийтийн сүлжээ залууст сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна. Тиймээс оюутнуудыг олон нийтийн сүлжээ, VPN ашиглахгүй байх, сургууль дээрээ гар утас авчирахгүй, гэртээ  эсвэл дотуур байрандаа утсаа үлдээхийг зөвлөжээ.

 

Түүнчлэн олон оюутан Америкийн "Ногоон карт" сугалаанд оролцохоор бүртгүүлж байгааг анхааруулсан байна.

 

"Энэ картын сугалаанд бүртгүүлсэн эсвэл бусад аргаар эх орноосоо явах хүсэлтэй хүн та нарын дунд байвал сургуулиас хасна гэдгийг анхааруулж байна. Бид энд эх орондоо зориулж боловсон хүчин бэлтгэж байгаа!" хэмээн Багшийн дээд сургуулийн ректор мэдэгдсэн байна.

 

Өмнө нь, Туркменийн соёлын улсын их сургуулийн багш нарыг VPN апликейшн, Инстаграм, Фейсбүүк ашиглахыг хориглосон талаарх мэдээллийг "Азатлык"  радио мэдээлж байлаа. Түүнчлэн тэднийг Туркменистанд ашиглаж болох цорын ганц мессенжер IMO-г гэрэл зураг, дүрс бичлэг илгээх зорилгоор ашиглахыг хориглож, гагцхүү текст мэдээлэл илгээхийг зөвшөөрсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин