"QAnon бөө" Капитоли руу дайрсан хэргээр 41 сарын хорих ялаар шийтгүүлэв
2021-11-18

АНУ-ын QAnon хөдөлгөөний хамгийн алдаршсан дэмжигчдийн нэг Жейкоб Чансли 2021 оны нэгдүгээр сарын зургааны өдөр АНУ-ын Капитолийг эзлэн авахад оролцсон хэргийнхээ төлөө 41 сар шоронд хоригдох шийтгэл сонсчээ. 

 

Тэрбээр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Конгресс батлахад саад хийхийг оролдсон Трампын дэмжигчдийн дунд байсан юм. Чансли гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Капитолид болсон эмх замбараагүй байдалд оролцогчдоос хамгийн хүнд шийтгэлийг түүнд оноосон байна. 

 

Шоронд хоригдох ялаас гадна Чансли 36 сар тэнсэн харгалзах ял сонссон юм. Түүнчлэн тэрбээр 100 долларын торгууль төлөх юм байна.

Өдгөө 34 настай Чансли Капитоли руу дайрах үедээ нүүрээ америкийн далбаатай адил болгон будаж, эвэртэй үслэг малгай өмссөн байсан нь гэрэл зурагчны дуранд өртөж, улмаар тэрбээр энэ эмх замбараагүй байдалд оролцогчдын дундаас хамгийн их танигдсан оролцогч болсон юм. Тэрбээр өөрийгөө "QAnon бөө" хэмээн нэрлэдэг аж. 

 

"QAnaon" гэдэг нь хуйвалдаан онол бөгөөд энэ онолд итгэгчид дэлхийг чөтгөр шүтэгчид, бага насны хүүхдийг садар самуунд уруу татагч хүний махан хүнстнүүд удирддаг, тэдгээр нь засгийн газар, бизнес, хэвлэл мэдээлэлд шургалсан, тэдний эсрэг Ерөнхийлөгч асан Дональд Трамп нууц дайн өрнүүлж байсан гэж итгэдэг гэнэ. 

 

Чансли баривчлагдсаныхаа дараа мэдүүлэг өгөхдөө бүх эх орончдыг нийслэлд цуглахыг Ерөнхийлөгч асан Трамп уриалж байгааг сонсоод нэгдүгээр сард Вашингтонд ирсэн гэжээ. Мөн шүүх дээр "өөрчлөгдөх" хүсэлтэй байгаагаа өгүүлээд, Капитоли руу дайрсан нь буруу хэрэг байсан хэмээн гэм буруугаа хүлээжээ.

 

Одоо тэрбээр Трамп болон QAnon хөдөлгөөнийг дагахаа больсон гэнэ. Мөн өмгөөлөгч нь Чанслиг "хүчирхийлэлийн аргыг сонгодоггүй, эв найрамдалтай амьдрахыг хичээдэг, сэтгэцийн эрүүл мэнд нь асуудалтай хүн" хэмээн тодорхойлжээ.

 

Эргэн сануулахад, 2020 оны 11 дүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялагдсан ч ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Америкийн нийслэлд үймээнд автаж байлаа. 2021 оны нэгдүгээр сарын эхээр Байдены ялалтыг баталгаажуулах Конгрессын хурал болох өдөр Трамп Твиттер хуудсаараа дэмжигчиддээ хандан төрөл бүрийн мэдэгдэл хийж, энэ  мэдэгдэлдээ “хэзээ ч бууж өгөхгүй” хэмээсний дээр “одоо хүлцэнгүй байх цаг биш” гэх мэтээр нэг үгээр бол ихээхэн турхирж байсан юм. Улмаар Трампыг дэмжигчид эхэндээ Вашингтон хотын гудамж талбайд цуглан эсэргүүцэл илэрхийлж, зарим хэсэгт цагдаагийнхантай мөргөлдсөнөөр өндөрлөж байсан ч Конгрессын хурал ойртохын хэрээр тэд Капитолийн ордны гадаа цуглан, цаашлаад ордныг эзлэн авч эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ эмх замбараагүй байдлын улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон хүн шархдаж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин