Н.Батсуурьт даян аварга, Ц.Одбаяр, Д.Анар нарт улсын заан цол хүртээлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дээгүүр барилдсан зарим бөхөөс допинг илэрсэн. Тодруулбал, 2019 оны Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрч, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын аварга цолыг нь хураасан юм.
Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э. Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурьт Монгол Улсын даян аварга цол, наймын даваанд унасан улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анарт улсын заан, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодномд улсын харцага, тавын даваанд унасан Н.Мустафад улсын начин цол тус тус хүртээлээ.
Мөн өнгөрсөн жил улсын наадмын дараа улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн. Тиймээс улсын заан М.Бадарчид улсын гарьд, улсын начин Ц.Мөнхбаяр, Б.Орхонбаяр, Ш.Пүрэвгарьд нарт улсын харцага, аймгийн арслан Ц.Сандагдоржид улсын начин цол тус тус олгосон байна.
Монгол Улсын даян аварга Н.Батсуурь:
-Баяртай байна. Үүнийг дааж, үлгэрлэн дуурайж, түмэн олныхоо итгэлийг алдахгүй хичээх болно. Допингийн асуудал шударгаар шийдэгдэж байгаад баяртай байна.
Монгол Улсын харцага Б.Цэдэнсодном:
-Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор зургаагийн даваанд хориотой бодис илэрсэн бөхтэй барилдаад унасан. Хориотой бодис бөхчүүдэд сөргөөр нөлөөлж байна. Монгол үндэсний бөхийн холбоо допингийн асуудалд хатуу арга хэмжээ аваасай гэж хүсэж байна.
Улсын заан Д.Анар:
-Эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай байна. Сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан байна. Арав гаруй жилийн өдөр бүрийн бэлтгэл, хөлс хөдөлмөрийн үр дүн. Энэ бүхнийг үнэлсэн байх. Допингийн асуудалд бөхийн холбоо хатуу байр суурьтай хандаж, допингоос ангижрах байх. Харамсалтай байна. Допингийн шинжилгээ авах хэрэгтэй. Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй байх.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ