COVID-19: Халдвар авснаа нуусан эрийг хоёр жилийн хорих ялаар шийтгэв
2021-11-19 07:48

Дэлхий дахиныг бүрхсэн цар тахлын анхны голомт болж байсан Хятад улс коронавирусийн халдварын дэгдэлтийг дарахын тулд нэн хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа юм. Вирус анх бүртгэгдсэн цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоож, хуулиа чангатган, коронавирусийн халдварыг тараасан, нуун дарагдуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулж байлаа. Хоёр жил орчмын хугацаанд коронавирустэй тэмцэх дүрэм журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр олон албан тушаалтныг ажлаас нь халж, иргэдийг торгож, сахилгын шийтгэл оноож байсан юм. Хамгийн сүүлд гэхэд л өвчнөө нуусан гэх үндэслэлээр Хятадын иргэнд хорих ял оноожээ. 

 

Тодруулбал, БНХАУ-ын Гуанши-Жуангийн өөртөө засах орны шүүх  коронавирусийн халдварын шинж тэмдгийг нуун дарагдуулсан нэгэн эрийг хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Түүнд хорих ял оноогоод зогсохгүй асар өндөр мөнгөн торгууль тавьжээ. Халдвар авснаа нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдсан эр хоёр жил эрх чөлөөгөө хасуулаад зогсохгүй 200 мянган юань буюу монгол мөнгөөр 82 сая гаруй төгрөгийн торгууль төлөх шаардлагатай болсон байна. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, хэрэгт буруутгагдсан эр Вьетнамд байхдаа халдвар авчээ. Түүний байрлаж байсан зочид буудалд коронавирусийн батлагдсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна. Харин тэрбээр Хятадад эргэн ирэхдээ эрүүл мэндийн асуулга хуудсанд өндөр халуурсан, бие нь эвгүйрхсэн талаарх мэдээллээ бичээгүй, нуун дарагдуулсан гэнэ. Түүнчлэн тусгаарлалтын үеэр найз нөхөдтэйгээ уулзан, халдвараас сэргийлэх дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэж хууль сахиулах байгууллага мэдээлсэн байна. Түүний энэ үйлдлээс болж 468 хүн, тэр дундаа орон нутгийн гаалийн 29 ажилтныг тусгаарлахаас аргагүй болсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хатуу мэт боловч зөв шийдвэр. Иймэрхүү түмэн олны амин сонирхолд халдсан амьтдыг хатуу шийтгэж байх хэрэгтэй. Манайд ч гэсэн зөвхөн Ковид гэлтгүй нийтийг хамарсан халдвар тарах нөхцөл үүсгэсэн л бол торгоод өнгөрөх биш, хатуу шийтгэж олон түмэнд нэр усыг нь хүртэл зарлаж, жигшүүлж байх хэрэгтэй.
2021-11-19