Цагаачдын хямрал: Британийн цэргүүд Польшийн хилийг зорино
2021-11-19

Ойрх Дорнодоос голчлон ирсэн цагаачдын цуваа Польш-Беларусийн хил дээр бөөгнөрч, Польшийн тал цагаачдыг нэвтрүүлэхгүй гэсний улмаас хил дээрх цагаачдын тоо эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндрээд 10 гаруй хонож байна. Ирак зэрэг зарим орон иргэдээ эргүүлэн татахаар болсон ч энэ нь байдлыг нэг мөр намжаахгүй гэж үзсэн ЕХ нэмэлт арга хэмжээ авсаар байгаа юм. Тэр дундаа хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. 

 


Тодруулбал, ойрын үед Британийн Хатан хааны инженерийн корпусийн 150 орчим цэргийн алба хаагчийг  Польш-Беларусийн хил рүү илгээнэ гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдсэн байна. Эдгээр цэргийн алба хаагчид хилийн дэд бүтцийг сайжруулахад Польшийн эрх баригчдад туслах аж. Энэхүү шийдвэр нь Ойрх Дорнодын орнуудаас ирсэн олон цагач Беларусийн талаас ЕХ-ны хилийг нэвтрэх гэж оролдон, хил дээр хямрал үүсгэсэнтэй холбоотой гэнэ.

 

Уоллесийн мэдэгдсэнээр, цөөн бүрэлдэхүүнтэй цэргийн инженерийн баг нөхцөл байдлын үнэлгээг хийхээр Польшийн хил дээр очсон байгаа аж. Гэхдээ эдгээр цэргийн алба хаагчид нь байлдааны анги нэгтгэлд хамаардаггүй гэдгийг Британийн Батлан хамгаалахын сайд онцолжээ.

 

"Бид хил рүү Хатан хааны инженерүүдийг илгээхээр төлөвлөж байна. Энэ бол хашаа хайс, зам болон бусад дэд бүтцийн барилгын ажил гүйцэтгэдэг армийн хэсэг юм. Бид энэ цэргүүдийг Польшид туслах, түүнчлэн бусад шаардлагатай орны хилийг хамгаалахад туслах зорилгоор ашиглана" хэмээн Британийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

 

"Экскаватортай залуус" гэж Уоллес тодорхойлсон инженерүүд "зам, шалган нэвтрүүлэх хэсэг, ажиглалтын постуудыг барих ажил"-д дэмжлэг үзүүлэх юм байна. Инженерүүдийг "ойрын өдрүүдэд" илгээх төлөвлөгөөтэй байгаа, гэхдээ үүнээс өмнө энэ ажиллагааны талаар Британийн Парламентын гишүүдэд албан ёсоор дуулгах аж.

 

"Цагаачдыг тоглоомын хэрэгсэл болгож байна"

 

Энэ долоо хоногийн эхээр хил дээрх хямрал нэн хурцдаж, цагаачид шалган нэвтрүүлэх цэгээр хүчээр дайрч орох гэж хэдэнтээ оролдсон юм. Тэд цагдаа, хилийн цэргийнхэн рүү чулуу, лонх шидэж, үүний хариуд цэргүүд усан буу, нулимс асгаруулах хий ашиглаж байв.

 

Улмаар Германы канцлер Ангела Меркель Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой цагаачдын хямралын асуудлаар хоёронтоо утсаар хэлэлцсэний дүнд хил дээрх нөхцөл байдал харьцангуй тогтворжих шинжтэй болжээ. Өчигдөр, 11 дүгээр сарын 18-ны пүрэв гарагт Иракийн агаарын тээврийн компани тусгай нислэг гаргаж, 400 орчим цагаачийг Ирак руу татсан байна.

 

Хэдийгээр байдал намжих тийшээ хандаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан ч лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө 500 орчим цагаач хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан талаар Польшийн эрх баригчид мэдэгджээ.

 

Хилийн орчимд, ойд цагаачдын хуаран бий болсон бөгөөд агаарын хэм хасах руу хэдийнэ орсон энэ үед олон цагаач хээр хоноглож байгаа юм. Харин лхагва гаригт "Брузги-Кузница" хилийн шалган нэвтрүүлэх боомтоос холгүйхэн логистикийн төвд 1000 орчим цагаачийг түр хугацаанд байрлуулсан гэж Беларусийн эрх баригчид мэдэгджээ. 

 

Чухамхүү Беларусь улс цагаачдын асуудлыг шийдэхэд идэвхийлэн оролцох ёстой гэж Барууны орнууд үзэж байгаа бөгөөд учир нь Беларусийн эрх баригчид ЕХ-ны орнууд руу саадгүй нэвтрүүлнэ гэж амлан цагаачдыг улс руугаа дуудаж, зориудаар хямрал үүсгэсэн гэж барууны орнууд Лукашенкогийн дэглэмийг буруутгадаг юм.

 

"Эмэгтэйчүүд болон хүүхдүүд, мөн аюул тулгараад байгаа бусад хүмүүсийн хувь тавиланд би ихээхэн санаа зовниж байна. Беларусьчууд энэ хүмүүсийг тоглоомдоо ашиглаж байгаа бололтой. Тэднийг хөрш орнуудынхаа тогтвортой байдлыг алдагдуулахын тулд ашиглах тоглоомын хэрэгсэл болгож байгаа нь аймшигтай" хэмээн Британийн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.

 

Харин Александр Лукашенко үүнийг эрс эсэргүүцэн, дүрвэгчдийг хүлээж авах хүсэлгүй байгаа Европ өөрөө л энэ асуудалд буруутай гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн цагаачдыг эх оронд нь буцаах гэж оролдсон ч тэд буцахаас татгалздаг гэж Беларусийн эрх баригчид мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
чин:
Эрдоган Oйрхи Дорнодын цагаачдын урсгалыг Европ руу нэвтрүүлэхгүй Tурkт тогтоон барисаныхаа төлөө Европын Xолбооноос жил бүр 3 тэрбум евро авдаг байснаа сүүлдээ мөнгөө чамлаж 10 тэрбумыг өгөхгүй цагаачидыг Eвроп руу хуу тавиад оруулна шүү - гэж сүрдүүлэн мөнгөө нэмүүлэх аян шалтаг хайж эхэлсэн. Mани Лууяа нэг иймэрхүү л юм бодож суугаа байх л даа.. Tэрнээс биш Путин ахдаа зусардана ч гэж юу байхав ..
2021-11-19
Зочин:
Дүрвэгсэд нутаг орноо хаяад зугтсан шигээ өөдгүй зантай байдаг. Хаана муу муухай хэрэг төвөг гарна тэнд дүрвэгсэд л байдаг. Юу гэх гээд байна вэ гэвэл дүрвэгсэд урвагчид урвагч л байдаг.
2021-11-19