COVID-19: Жил бүр вакцин тариулах хэрэгтэй болно
2021-11-19

Дэлхий дахиныг бүрхсэн цар тахлын эхлэл болсон өвчний тохиолдол Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн өдрөөс хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна. Энэ өвчнийг даван гарахын тулд вакцинд найдлага тавьж байсан ч вирус хаашаа ч алга болохгүй, хүн төрөлхтөн энэ вирустэй цаашид дасан зохицож зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй гэж олон улсын эрдэмтэд сануулсаар байгаа юм. Тиймдээ ч цаашлаад коронавирусийн вакцин товлолт дархлаажуулалтад багтана гэж мэргэжилтнүүд үздэг. Ийм байр суурийг Италийн эмч нар ч илэрхийлжээ.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, цаашид жил бүр коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын ажил зохион байгуулагдах шаардлагатай болж магадгүй гэж Италийн Спалланзани халдварт өвчин судлалын эмнэлгийн эмч нар мэдэгджээ. Энэ нь коронавирусийн талаарх мэдээлэл дээр суурилсан урьдчилан үнэлгээ гэж эмч нар онцолсон байна. 

 

Мөн ОХУ-д коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг товлолт дархлаажуулалтад багтаахаар зэхэж байгаа юм. Энэ оны эцэс гэхэд холбогдох хуулийн төслийг батлахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зарим ажил мэргэжлийн хүмүүс коронавирусийн вакцинд зайлшгүй хамрагдах журам үйлчлэх аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин