Б.Баярсайхан : 2022 он гэхэд боловсролын байгууллага модон жорлонгоос сална
2021-11-19 16:46

Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна. 2012 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Дэлхийн жорлонгийн өдөр” болгон зарласан. Энэ өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан манай улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

 

 

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэхээр болсон юм. Уг ажлын хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Б.Баярсайхан гишүүнээр ахлуулан ажиллуулж байна.

 

Энэ ажлын хүрээнд 21 аймаг, 330 сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 модон жорлонг шинэчлэх ажил дөрвөн үе шаттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 54 сумын 195 объектод орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажил хийгдэж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээллээ.

 

Тэрбээр хэлэхдээ “2022 он гэхэд боловсролын байгууллага модон жорлонгоос сална гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Ингэснээр бүх сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн тохилог, дулаахан ариун цэврийн байгууламжтай болно. Гэвч өнөөдөр орон нутагт байдал хүндхэн байгаа. Хүүхдийн ариун цэврийн өрөө цоож цуургагүй, суултуургүй байна. Иймд сурагчдын ариун цэврийн өрөөний нөхцөл байдлыг сайжруулж, эхний ээлжинд цоожтой, суултууртай болгож, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны удирдлагуудад хандан уриалж байна. Нэг сарын хугацаанд энэ асуудалд онцгой анхаарч, цоож, суултууртай болгоосой гэж хүсч байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд, хүүхдэд зориулж үйлчилгээ үзүүлдэг урлаг соёл, сургалт, худалдаа үйлчилгээний газрууд хүүхдэд ээлтэй ариун цэврийн байгууламжтай болох, хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга барьж байгаа компаниуд ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьж гүйцэтгэхэд анхаарахыг уриалж байна” гэв.

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Боловсролын төрийн нарийн байхдаа хийх ёстой байж дээ.Одоо л ухаарч бдг
2021-11-22
Тэнэг авгай:
Энэ Баярсайхан авгай өөрөө боловсрол байхгүй, гадаад хэл мэдэхгүй, аж ахуйн ажлын туршлага байхгүй, амьдрал мэдэхгүй, төсөв ойлгохгүй болохоор байнга тэнгэрийн юм ярьж тэнэгтээд байх юм.
2021-11-20
Зочин:
Маш чухал ажил шүү. Хөдөөгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд маш том өөрчлөлтийг авчрах том бүтээн байгуулалт. Амжилт хүсье.
2021-11-19