Саакашвилигийн амь насанд аюул тулгарчээ
2021-11-20 12:00

Эх орондоо баривчлагдсан, Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили комд орж болзошгүй гэнэ. Түүний бие хорих газарт муудсаны дараа баасан гарагт ухаан алдсан гэх мэдээлэл гарсан. Саакашвилид үзлэг хийхэд тархины ноцтой өвчин оношлогдсон байна. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Гүржийн Ардын хамгаалагчийн байгуулсан мэргэжилтнүүдийн баг Саакашвилиг эргэжээ. Түүний бие муудсан тул ийнхүү үзлэг хийсэн бөгөөд Саакашвилигийн биеийн байдлыг "хүнд" хэмээн дүгнэсэн байна. Мэргэжилтнүүдийг өгүүлснээр, Саакашвили"энцефалопатия Вернике" гэх өвчинтэй бөгөөд энэ нь амь насанд нь аюултай гэнэ.

 

Тиймээс шинжээчдийн бүлгийн гишүүд Саакашвилиг орчин үеийн мэргэжлийн тоног төхөөрөмжтэй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хэмээн дүгнэжээ. Харин Гүржийн Хуульзүйн сайд мэдэгдэл хийхдээ хоригдорл Саакашвилиг хорих газрын эмнэлгээс Гори хотын цэргийн эмнэлэгт шилжүүлэхээр болсон талаар мэдэгдсэн байна.

 

Саакашвили эх орондоо ирсэн даруйдаа, 10 дугаар сарын нэгний өдөр Тбилиси хотод саатуулагдсан юм. Түүнийг гадаадад байхад нь хэд хэдэн эрүүгийн хэрэгт буруутган эчнээ ял оноож байлаа. Өөр хоёр хэргийг шүүхээр шийдэхээр болсон юм. Үүнийг эсэргүүцэн Саакашвили өлсгөлөн зарлаж, сар гаруй хугацааг өнгөрөөсөн. Ерөнхийлөгч асан Саакашвили ийнхүү удаан хугацаанд өлсгөлөн зарласны улмаас цусаар бөөлжиж, нүүр нь шарласан гэнэ. Улмаар тэрбээр баасан гарагт ухаан алдаж, хорих газрын сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин