Уткиагвик хотод 67 өдөр нар гардаггүй туйлын шөнө эхлэв
2021-11-22

 

2016 он хүртэл Барроу гэж нэрлэгдэж байсан Уткиагвик хотод туйлын шөнө ноёлов. Аляскийн хамгийн хойд зүгийн энэ хотод 11 дүгээр сарын 18-ны өдрөөс туйлын шөнө эхэллээ. Ингэснээр энэ хотын оршин суугчид нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 67 өдөр нар харахгүй бөгөөд энэ хугацаанд урт, туйлын шөнө үргэлжлэх юм.

 

Уткиагвик хот туйлын цагаригаас хойд зүгт ердөө 515 километрт байрлана. Хахир хүйтэн өвөл, умардын салхитай нийлж энэ газрыг амьдрахад хамгийн хүнд нөхцөлтэй болгодог. Үүн дээр туйлын шөнө нэмэгдэнэ. Нутгийн оршин суугчид жил бүр 60-65 өдөр наргүй амьдраад хэдийнэ дассан бол энэ нутагт ирсэн зочдын хувьд туйлын шөнө амаргүй даваа.Жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нэгдүгээр сарын дунд үе хүртэл эндэхийн оршин суугчид хэзээ ч нар үзэж байгаагүй. 

 

Туйлын шөнө гэж юу вэ? 

 

Нар 24 цагаас дээш хугацаагаар мандахгүй байх үеийг "туйлын шөнө" гэдэг. Хамгийн богино туйлын шөнө Умард туйлын цагаригт хоёр хоног орчим болдог бол Өмнөд туйлд туйлын шөнө зургаан сар орчим үргэлжилдгээрээ хамгийн уртад тооцогдоно. 

 

Туйлын шөнө гэхээр 24 цагийн туршид түнэр харанхуй байна гэсэн үг биш. Гол нь туйлын шөнө тохиосон үед нар өдрийн ихэнх хугацаанд тэнгэрийн хаяанаас болж харагдахгүй байхыг хэлэх бөгөөд өдрийн тал хэсэгт нь бүрэнхий ноёлдог аж. 

 

Туйлын шөнө үргэлжлэх хугацаа 

 

Туйлын шөнө үргэлжлэх хугацаа нь өргөргөөс хамаардаг.

Хойд туйлд туйлын шөнө есдүгээр сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 174 өдөр үргэлжилнэ.

Харин 80° өргөрөгт туйлын шөнө 10 дугаар сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 20-ны хооронд үргэлжилнэ.

Мурманскад 12 дугаар сарын хоёрны өдрөөс нэгдүгээр сарын 11-ний хооронд үргэлжилдэг аж.

 

Туйлын шөнө ажиглагддаг хотууд

 

Туйлын шөнө ОХУ, АНУ, Швед, Норвегид ажиглагддаг бөгөөд хамгийн олон хотод нь туйлын шөнө тохиодог орон бол ОХУ юм. 

 

Оросын Апатиты, Билибино, Верхоянск , Воркута , Гаджиево , Дудинка , Заозёрск , Заполярный , Игарка , Кировск , Ковдор , Кола, Мончегорск , Мурманск , Нарьян-Мар , Норильск , Оленегорск , Островной , Певек, Полярный , Североморск, Снежногорск , Среднеколымск  хотуудад туйлын шөнө тохиодог аж.

 

Норвегид  Алта, Киркенес, Лонгйир, Тромсё, Хаммерфест, Хоннингсвог хотуудад туйлын шөнө тохиох бол АНУ-д Уткиагвик хот, Шведэд Кируна хотын оршин суугчид удаан хугацаанд нар үзэхгүй амьдардаг аж.

 

Туйлын шөнө тохиосон үед хүмүүс хэрхэн амьдардаг вэ? 

 

 

Оросын Мурманск хот бол туйлын туяа тохиодог хамгийн том хот юм. Энэ хотод 12 дугаар сарын хоёрноос нэгдүгээр сарын 11-ны хооронд нар үзэхгүй, 42 хоногийн туршид бүрэнхийд амьдардаг аж. 

 

Туйлын шөнө тохиосон үед хүмүүс нар дахин мандахыг хоног тоолон хүлээх бөгөөд туйлын шөнө дуусмагц "Сайн байна уу, нар минь?" нэртэй баяр зохион байгуулдаг аж. Энэ баярын үеэр олныг хамарсан зугаалга, дуу хуур, бүжиг цэнгээн болж, үзэсгэлэн худалдаа дэлгэгддэг гэнэ. Гэхдээ туйлын шөнө дууссаны дараа нар өдөртөө 10 минут орчимд л гарч хүмүүсийг баярлуулдаг аж.

 

Мурманскийн оршин суугчдын амьдрал туйлын шөнийн үеэр ч хэвийн үргэлжилнэ. Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндэд өөрчлөлт гардаг гэнэ. Зарим хүмүүс сэтгэл хямралд ордог бол хүүхдүүд ч илүүтэй хямардаг аж. Тиймээс нар дутагдсан үед хүүхдүүдийн эрүүл мэндийг сайжруулах үүднээс загасны тос тогтмол өгдөг гэнэ. 

 

Шведийн хамгийн хойд зүгт байх Кируна хотын оршин суугчид туйлын шөнө эхэлсэн үед хоногийн ихэнх хугацааг бүрэнхийд өнгөрүүлэхээс аргагүй. Тэд энэ үед сэтгэл санаагаа өөдрөг байлгах үүднээс ажил дээрээ хоёр цаг тутамд завсарлага авч, халуун цай амтат жигнэмэг иддэг. Түүнчлэн саунд орж удаан суугаад, дараа нь цасан дээр гүйлддэг аж. Ингэж л тэд адреналин ялгаруулж, эрч хүчээ сэргээдэг гэнэ. 

 

Нутгийн оршин суугчид ийм байдалдаа дасан зохицож амьдарсаар ирсэн бол энэ нутагт зочилсон хүмүүст туйлын шөнө асар том сорил болно. Нар үзэхгүй олон хонож сураагүй өөр бүс нутгийнхан туйлын шөнө тохиодог хотуудад ажиллахад маш их ядарч, сэтгэл санааны хямралд орж, жин нэмдэг аж.

 

Туйлынхан ийнхүү нар үзэхгүй олон хонохын дээр нарнаас "салахгүй" олон өдрийг ч өнгөрүүлнэ. Үүнийг "туйлын өдөр" хэмээн нэрлэнэ. Туйлын өдөр тохиосон үед туйлын шөнө үргэлжлэх хугацаатай адилаар олон хоног нар жаргахгүй, гэгээн цагаан өдрүүд үргэлжлэх бөгөөд гэсэн ч ийнхүү нар илүүдэх нь мөн л эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин