БНХАУ Тайваниас болж Литватай харилцах дипломат харилцааны төвшинг буурууллаа
2021-11-22

Литва улс  2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Тайваний эрх баригчдад Литва дахь төлөөлөгчийн газар байгуулахыг  зөвшөөрчээ. Өмнө нь энэ асуудлыг Хятадын эрх баригчид удаа дараа эсэргүүцэж байсан ч ийнхүү Тайванийг төлөөлөгчийн газраа нээхийг зөвшөөрсөн нь Литва улс төрийн амлалтаас няцаж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон  гэж Хятадын эрх баригчид үзсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Литва улсын энэ үйлдэлд Хятадын тал дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний дээр Хятад Литва хоёр орны дипломат харилцааг Хэргийг түр хамаарагчийн төвшинд хүртэл бууруулах шийдвэр гаргасан байна.

 

Улмаар Хятадын эрх баригчдын мэдэгдэлд "Хятад, Литва хоёр улс Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоож байсан улс төрийн үндэс суурь эвдэрсэн байдалд үндэслэж, Хятадын засгийн газар өөрийн бүрэн эрх болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалахын төлөө Хятад, Литва хоёр орны дипломат харилцааг бууруулаад хэргийг түр хамаарагчийн төвшинд хүргэх шаардлагатай боллоо.  Үүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг Литвийн засгийн газар эрхбиш хүлээх ёстой. Литвагийн тал алдаагаа нэн даруй засч, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэсэн Хятадын ард түмний хатуу шийдэмгий зориг санаа болон хүчирхэг чадварыг дутуу үнэлж болохгүйг бид шаардаж байна" гэжээ.

 

Түүнчлэн энэ мэдэгдэлд, "Тайвань хэзээ ч улс байгаагүй гэдгийг анхааруулсаар ирсэн" хэмээн онцолсон байна. 

Shuud.mn
Сонин хачин