Lancet: Хүмүүсийг вакцины нэмэлт тунд яаран хамруулах нь эрсдэлтэй
2021-11-23

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины нэмэлт тунд хүмүүсийг олноор нь хамруулах нь нэн шаардлагагүй, түүнчлэн нэмэлт тунд хамруулснаар сөрөг үр дагавар гарч болзошгүй гэнэ. Ийм дүгнэлтийг ДЭМБ-ын ерөнхий эрдэм шинжилгээний ажилтан Сумья Сваминатан, ДЭМБ-ын Эрүүл мэндийн салбар дахь онц байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан зэрэг олон улсын эрдэмтдийн бүлэг хийсэн бөгөөд тэдний нийтлэл анагаах ухааны нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хэвлэл болох The Lancet сэтгүүлд нийтлэгджээ. 

 

Судалгаа хийсэн эрдэмтдийн үзэж байгаагаар нэмэлт тунд эрт хамруулах нь сөрөг үр дагавар дагуулж болзошгүй гэнэ. Энэ нь мРНК вакцин болон аденовирус дээр суурилсан вакцинуудад хамааралтай гэж шинжээчид онцолжээ. 

 

Илтгэлд өгүүлснээр, бустер тунг хэт эрт эсвэл хэт ойр ойрхон тарьвал тухайн хүнд миокардит (мРНК вакцин буюу Пфайзер/Модерна компанийн вакцин тариулсан үед), түүнчлэн Гийен-Баррегийн синдром /"Спутник V" болон АстраЗенека компанийн вакцин/ үүсэж болзошгүй гэнэ.

 

"Коронавирусийн халдвараас сэргийлж анхдагч тун хийснээс үүдэх үр ашиг нь коронавирусийн халдвараас улбаатай эрсдэлээс хэд дахин их байдаг ч бустер тунг хэт эрт эсвэл хэт ойр давтамжтай өргөн цар хүрээнд хийвэл бусад эрсдэлүүд үүсэж болзошгүй" хэмээн эрдэм шинжилээний нийтлэлд өгүүлжээ. 

 

Дельта штаммаар үүсгэгдсэн коронавирусийн шинэ давлагаа нь дэлхийн эрүүл мэндийн салбарын хямрбалыг үүсгэж, улс орнуудын засгийн газар вакцинд хамрагдсан хүн амдаа нэмэлт тун хийх нэн шаардлагатай гэж үзэх нөхцлийг бүрдүүлсэн гэж эрдэмтэд үзэж байна.

 

"Вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааг нэмэгдүүлэх замаар коронавирусийн халдварын тоог цаашид буулгах санаа байж болох хэдий ч нэмэлт тунгаар дархлаажуулах шийдвэрийг бодит баримт дээр тулгуурлан, нийгэм, тухайлсан хүмүүст үүсэх давуу тал болон эрсдэлийг тооцоолон гаргах ёстой" гэж шинжээчид үзэж байна.

 

Нэмэлт тунгаар дархлаажуулах шийдвэр нь найдвартай баримт мэдээллээр баталгаажихгүй тохиолдолд энэ нь вакцинд итгэх итгэлийг алдагдуулж, анхдагч дархлаажуулалтын явцыг сулруулна гэж олон улсын эрдэмтэд үзжээ.

 

"Нэмэлт тунг ашиглахаар болвол үүнээс үүдсэн шууд болон дам ашиг тус баталгаатай байх нөхцөлийг тодорхойлох ёстой. Энэ тал дээр нэмэлт судалгаанууд хийснээр нэмэлт тунгийн ашиг тусыг батлах нөхцөл үүснэ" хэмээн эрдэмтэд мэдэгдээд, нэмэлт тунгийн дархлаажуулалт нь дархлаа султай хүмүүс, түүнчлэн үндсэн дархлаажуулалтын дараа дархлаа үүсээгүй хүмүүст тустай гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Түүний зэрэгцээ, эхний тунгийн дараа дархлаа үүсээгүй хүмүүст нэмэлт тун тарьсан ч вакцин нэмэргүй байж мэднэ гэж эрдэмтэд өгүүлжээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесус коронавирусийн вакцин хангалтгүй байгаагийн улмаас нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг түр хойшлуулахыг зөвлөж байлаа. Түүний өгүүлснээр, ДЭМБ тавдугаар сард л улс орон бүрийн хүн амын дор хаяж 10 хувийг вакцинд хамруулах дзорилго тавьсан ч өндөр хөгжилтэй орнуудад энэ зорилгыг давуулан биелүүлсэн гэнэ. 

 

Энэ мэдэгдлээсээ хэдэн долоо хоногийн дараа Гебрейесус "бага орлоготой улс орнуудад вакцины хомстол нүүрлэж байгаа энэ үед бусад орон ард иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулах нь ёсзүйн хувьд зохимжгүй" хэмээн мэдэгдсэн юм.

 

Харин энэ мэдэгдлийг АНУ "буруу сонголт" хэмээн нэрлэж байлаа. АНУ дотооддоо нэмэлт тунгийн дархлаажуулалтаа зогсоохгүйгээр ядуу буурай орнуудад вакцин нийлүүлж чадна гэж Цагаан ордон мэдэгдсэн юм. 

 

Энд дуулгахад, эрдэмтэд нэмэлт тунг яаран хийснээс үүсэж болзошгүй эрдэлд багтаасан миокардит нь зүрхний ноцтой өвчин юм. Харин  Гийен-Барре хам шинж өвчний талаар анх  1916 онд "цочмог, өгсөх сул саажил" хэмээн тодорхойлж байв. Энэ өвчний үед хэдэн цагаас хэдхэн хоногийн дотор мэдрэлийн ёзоор ба захын мэдрүүлүүд үрэвсэж, гар хөл сулран хөдөлгөөнгүй болж, зогсох, явах чадвараа алдах, амьсгалахад хүнд болохоос эхлээд амьсгалын аппаратанд орох хүртэл хүндрэх, нүүрний нэг эсвэл хоёр тал сулран хөдөлгөөнгүй болох, зарим тохиолдолд хэл яриа орооцолдон, хахаж цацах, нүдэнд юмс хоёрлон давхарлаж харагдах шинж голчлон үүсдэг аж. Грийен-Барре хам шинж нь ихэнхдээ ханиад томуу, гэдэсний гүйлтэлт суулгалт зэрэг халдварт өвчний дараа үүсч, цөөн хоногоос дөрвөн долоо хоног хүртэлх хугацаанд даамжран хамгийн дээд цэгтээ хүрч мууддаг, үүнээс цааш хугацаанд сэргэдэг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин