Б.Энхбаяр: Том төсөл, өндөр дүнтэй ажлуудыг төрийн нууцад оруулж, тендергүй хийдэг зуршил бий боллоо
2021-11-23

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Бид Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг өөрчлөхгүй бол энэ хууль “амилахгүй”. Өмнө нь УИХ төрийн нууцын жагсаалтыг баталдаг байсан. Харин одоо Засгийн газар улсын нууцыг мэддэг болсон. Ямар асуудлыг улсын нууцад гаргах, юуг нууцаас гаргахыг Засгийн газар мэддэг. Үүний цаана томоохон төсөл, их мөнгөн дүнтэй ажлуудыг төрийн нууцад оруулаад тендергүй хийдэг зуршил бий болжээ. Энд том хэмжээний авлигын асуудал яригдана.

 

 

УИХ нууцын жагсаалтыг баталдаг байх үед төрийн байгууллагууд 100 гаруй төрлийн албаны нууцтай байсан. Харин одоо Засгийн газар хариуцдаг болсноор нууцын жагсаалт 400-500 болсон. Иргэдийн мэдэх эрх бүр байхгүй болсон. Албаны нууцыг төрийн байгууллагын дарга өөрөө тогтоодог. Хүссэнээрээ нууцалдаг. Иргэд мэдээлэл авъя гэхээр албаны нууц гээд өгдөггүй.

 

Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хамтад нь өөрчлөх ёстой. Энэ хуулийг баталсны дараа Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирж, батлуулах чиглэлийг Засгийн газарт өгмөөр байна.

 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал: Хэдийгээр тухайн байгууллага мэдээллээ нууцалсан ч энэ хуулиар 67 мэдээллийг шууд нээлттэй болгож байгаа. Төрийн болон албаны нууцын хууль хэрэгжиж байсан энэ 67 мэдээллийг нууц гээд дарах ямар ч боломжгүй. Тухайлбал, төсвийн гүйцэтгэл, бүтэн жилийн тайлан, тусгай зөвшөөрөл, бонд, өрийн бичиг, худалдан авалт, төсвийн орлого, зарлага, хэмнэлт, гадаад улсын зээл тусламжийн мэдээлэл, концессын жагсаалт, тусгай хамгаалалттай бүсэд хэн газар авсан нь хүртэл энэ хуулиар нээлттэй болно. Орон сууцыг ашиглалтад хүлээж авдаг улсын комиссын шийдвэр хүртэл нээлттэй болно. Энэ 67 мэдээллийг байгууллагууд нууцаар хаах боломжгүй. Гэхдээ цаашдаа Төрийн болон албаны нууцын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэсэн хариултыг өгөв. Ингэснээр тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулахаар болов.

 

Үргэлжлүүлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин