Жүжигчин Уилл Смит хар тамхины наймаачнаас мөнгө зээлж байжээ
2021-11-23

Алдарт жүжигчин Уилл Смит Лондонгийн "Савой" театрт шүтэн бишрэгчидтэйгээ уулзжээ. Тэрбээр дурсамж номныхоо борлуулалтыг нээн тав хоногийн хугацаанд Их Британийн нийслэлд айлчилж байгаа юм. Үүнээс өмнө Уилл Смит Чикаго болон Нью-Йоркийн шүтэн бишрэгчидтэйгээ уулзжээ. 

 

Дурсамж номныхоо талаар шүтэн бишрэгчидтэй ярилцах үеэрээ Холливудын од Уилл Смит нэрд гарч эхлэх үедээ улсад 10 мянган долларын татвар өртэй болсны улмаас танил хар тамхины наймаачнаас тусламж хүсэхээс аргагүй болсон талаараа ярьжээ. Жүжигчний өгүүлснээр, энэ явдал 1990-ээд оны эхээр болсон гэнэ. 

 

"Би хар тамхичид ихээр хэрэглэдэг байсан эмийн бүтээгдэхүүн худалдаалдаг танилаасаа хэрэгтэй мөнгөө зээлэн авч байсан" хэмээн Смит өгүүлснийг "Yahoo!News" дамжуулжээ. 

 

Үүний дараа тэрбээр өөрийн гэсэн бүхнээ зарж, Лос-Анжелес руу шилжсэн байна. Ийнхүү шинэ хотод төвхнөөд удаагүй байхдаа The Fresh Prince of Bel-Air цувралд тоглож, алдаршжээ. Гэхдээ үүнээс өмнө залуу үеэс нь л хуримтлагдсан санхүүгийн асуудлаас салахын тулд дампуурлаа зарлах тухай ч нухацтай бодож байсан гэнэ. 

 

Дээрх цувралын гурван улирлын ангид тоглосны шагнал болгон авсан мөнгөнийхөө 70 хувийг тэрбээр татварт төлж байсан гэж жүжигчин намтардаа бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин