Маллен: Ажлын таван өдөр ажиллаж, өдөржин ширээний ард суух хэв маяг хоцрогдсон
2021-11-24

Британийн Atom bank ажлын долоо хоногийг танаж, дөрвөн өдөр болгожээ. Улмаар тус банкны 430 ажилтан цалингаа хасуулалгүй, долоо хоногт дөрвөн өдөр л ажиллах гэнэ. Ингэснээр цар тахал үргэлжилсэн хоёр жилийн дараа хүмүүсийнхээ сэтгэл санааны байдлыг сайжруулах зорилготой гэж банкны удирдлагууд ВВС агентлагт ярьжээ. 

 

Сүүлийн үед барууны хэд хэдэн компани ажилтнууддаа долоо хоногт гурван өдөр амрах боломж олгосон байна. Өөр улс орнуудад ч ажлын долоо хоногийг багасгаснаар ажилтнуудын бүтээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. 

 

Atom Bank-ны захирал  Марк Маллен ВВС агентлагт ярилцлага өгөх үеэрээ ажилтнуудаа долоо хоногт 34 цаг ажиллан, даваа гараг эсвэл баасан гарагт амрах сонголт өгснөө онцолжээ. Ингэснээр хүмүүсийг компанидаа тогтоон барьж, цар тахлын хүнд нөхцөлд хүмүүсийн сэтгэл санааг өргөх зорилготой гэнэ. Ийм шинэ журам гаргаснаар долоо хоногийн нийт ажиллах цаг 3,5 цагаар л багассан аж. Өмнө нь энэ банкны ажилтнууд таван өдрийн туршид 37,5 цаг ажилладаг байсан бол шинэ журам гарснаар дөрөв хоногт 34 цаг ажиллахад хангалттай болсон гэнэ. 

 

"Цар тахлаас өмнө ажилдаа явж, өдөржин ширээний ард суугаад дараа нь гэртээ харьдаг байдлыг хэвийн л гэж боддог байлаа. Харин заавал ингэх шаардлагагүй гэдгийг ковид бидэнд харуулсан. Даваа гарагаас баасан гараг хүртэл ажиллах нь хэдийнэ хоцрогдсон хэв маяг гэж би боддог" хэмээн Маллен өгүүлсэн байна.

 

Atom Bank зөвхөн цахимаар ажилладаг, Британийн хотуудад энэ банкны салбар гэж байхгүй. Энэ банк Британийн анхны интернет банкуудын нэг бөгөөд өнгөрсөн оны санхүүгийн жилийн дүнгээр Atom Bank 2.7 фунт стерлингийн зээл олгожээ. 

 

Банкны захиргаа ажлын долоо хоногийг багасгах нь харилцагчдад хүрэх үйлчилгээний чанар, ажилтнуудын ажлын бүтээмжид нөлөөлөхгүй гэж шийдсэний дараа  ажлын шинэ хуваарь энэ сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна. 

 

Банкны захирал Маллены өгүүлснээр ажилтнууд илүү уян хатан хуваариар ажиллахыг эрхэмлэдэг тул шинэ журмыг дэмжсэн гэнэ. 

 

Ажлын долоо хоног хэрхэн өөрчлөгдөж байв


XIX  зуунд ихэнх хүмүүс долоо хоногт зургаан өдөр ажилладаг байлаа. харин 1930-аад онд АНУ-д Генри Форд харин Их Британид Boots эмийн сангийн сүлжээ ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулсанаар ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх арга нь хоёр өдрийн амралт гэж үзэн, энэ туршлагыг нэвтрүүлж эхэлжээ. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад 1967 онд ажлын таван өдөртэй болсон байна. 

 

Харин Монгол Улсад 1997 оны 12 дугаар сард "ажлын таван өдөртэй долоо хоногт шилжүүлэх тухай" тогтоол гарч, энэ шийдвэр 1998 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлснээр монголчууд долоо хоногт хоёр өдөр амрах эрхтэй болсон юм. Үүнээс өмнө бямба гарагт хагас, ням гарагт бүтэн амардаг байсан тул бямба гарагийг "хагас сайн", ням гарагийг "бүтэн сайн" гэж нэрлэх болсон ярианы нэршил өнөө хүртэл хадгалагдсаар байна.

 

Харин одоо Барууны орнуудад ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжих уриалга байнга гарах болсон юм. Ингэснээр ажил хөдөлмөр эрхлэгчдийн амьдралыг сайжруулна гэж үздэг бөгөөд коронавирусийн цар тахал ч ийм шилжилтэд ихээхэн нөлөөлж байна.

 

Исландад төрийн байгууллагын ажилтнуудыг долоо хоногт дөрвөн өдөр ажиллуулах туршилт хийхэд үр дүн өндөр байсан талаар ВВС мэдээлжээ. Судалгааны дүнгээс харахад, долоо хоногт дөрвөн өдөр ажилласан хүмүүсийн ажлын бүтээмж буураагүйн дээр ажилтнуудын стресс, бухимдал эрс багассан байна. Энэ туршилтыг ковидоос өмнө буююу 2015-2019 онуудад явуулжээ.

 

Харин Америкийн IT компанийн Япон дахь салбар болох Microsoft Japan компани 2019 онд ийм туршилтыг хийж, ажилтнуудыг долоо хоногт дөрвөн өдөр ажиллуулан, цалинг нь хэвээр үлдээснээр тус компанийн борлуулалт 40 хувиар өссөн байна.

 

Хүн бүр дэмждэггүй санал

 

2019 онд Британийн эрдэм шинжилгээ, судалгаан Wellcome Trust сан төв офисынхоо 800 ажилтныг долоо хоногт дөрвөн өдөр ажиллуулахаас татгалзжээ. Энэ нь үйл ажиллагааны талаас хэтэрхий хүндрэлтэй гэж удирдлагууд үзсэн байна. 

 

Тус байгууллагад гурван сарын турш туршилт хийжээ. Энэ хугацаанд ажилтнууд долоо хоногийн таван өдөр амжуулдаг байсан ажлаа дөрөв хоногт гүйцэтгэхэд ачаалал нь нэмэгдэж, зарим ажилтны сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлөн, ажлын бүтээмж буурч байсан гэнэ.

 

"Ажил олгогчид ажилтнуудынхаа цалинг хасалгүйгээр ажлын долоо хоногийг багасгах гэсэн эрмэлзэл нь нааштай алхам. Гэхдээ бусад чанарын өөрчлөлт хийлгүйгээр ажлын цагийг зүгээр л нэг таначих нь стресс багасгахгүй гэж би бодож байна" хэмээн Британийн Хүний нөөцийн менежерүүдийн холбооны төлөөлөгч Бен Уиллмот ВВС агентлагт ярьжээ.

 

Харин дээр өгүүлсэн Atom Bank-ны тэргүүн Марк Мален дөрвөн өдөр ажиллах нь ажилтнуудын стрессийг багасгаад зогсохгүй, энэ банканд шинэ, авьяаслаг мэргэжилтнүүдийг татах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж. 

 

"Хүмүүс хэрхэн амьдрахыг хүсэж байгаагаа эргэн нэг харах шаардлага цар тахлын үед тулгарсан. Хүмүүсийг бүтээлч, эрүүл болгож байгаа алхам бүр зөвхөн тэдэнд төдийгүй нийгэмд ч ач тустай" гэж Маллен өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин