Газрын тосны үнэ нэмэгдэж, улс орнууд үүцээ задалж байна
2021-11-24

Олон улс оронд бензиний үнэ нэмэгдэж, улмаар улсын газрын тосны нөөцөө зарах шийдвэрийг ээлж дараалан гаргаж эхэллээ. Тодруулбал ийм шийдвэрийг АНУ гаргасны араас Японы Ерөнхий сайд Фумио Кисида Америкийн удирдлагын хүсэлтээр газрын тосны улсын нөөцийнхөө хэсгээс задлах болсноо зарлажээ. 

 

"Ерөнхийлөгч Жо Байден газрын тос худалдах талаар мэдэгдсэнийг бид мэднэ. Бид дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулах үүднээс саяхныг хүртэл Америктай хамтран ажиллаж ирсэн. Тиймээс энэ удаад ч АНУ-тай хөл нийлүүлэн алхаж байна" хэмээн Японы Ерөнхий сайд Кисида мэдэгджээ.

 

Японы Ерөнхий сайд нөөцөөс хичнээн хэмжээний газрын тос борлуулах, хэдий хугацаанд ийм арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд газрын тосны үнэ тогтвортой байх нь "нэн чухал зорилт" хэмээн Японы Ерөнхий сайд мэдэгджээ. Япон улс нөөцөө задлах энэ алхмаар хязгаарлагдахгүй, бензин, газрын тосны үнийн эрс өсөлтийг бууруулах үүднээс үйлдвэрлэгч орнуудтай хамтран ажиллаж, хөдөө аж ахуй, загас агнуурын аж ахуйгаа дэмжинэ гэж Фумио Кисида онцолсон байна.

 

АНУ үүцээ задална 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түлшний үнэ эрс өссөнийг тогтоон барих үүднээс стратегийн нөөцөөсөө 50 сая баррель газрын тос худалдахыг үүрэг болгосон юм. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд "Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Их Британи зэрэг бусад тэргүүлэгч хэрэглэгч орнуудтай зэрэгцэн нөөцөөсөө худалдана" хэмээжээ. 

 

Ийнхүү томоохон хэрэглэгч орнууд стратегийн нөөцөө задлах болсон нь үнийн эрс өсөлттэй холбоотой юм. Өнгөрсөн мягмар гарагийн арилжаагаар газрын тосны үнэ баррель тутамдаа 81 долларт хүрсэн нь энэ зах зээл дээр үнэ тогтворжих хараахан болоогүй гэдгийг харууллаа. Сүүлийн үед газрын тосны үнэ нэмэгдсээр байгаа бол 10 дугаар сарын сүүлээр АНУ-д газрын тосны үнэ сүүлийн долоон жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, газрын тосны баррелийн үнэ 86 долларыг давсан юм.

 

Нөөцийн хэсгээс зарах тухай Байдены дээрх шийдвэр нь зах зээлд богино хугацаанд л нөлөөлнө, учир нь газрын тосны үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа гэж шинжээчид онцолж байна. Газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлсийн дотор цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаа, уламжлалт эрчим хүчний дэд бүтцэд хөрөнгө оруулахгүй байгаа болон эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрүүд нэн хурдтай хөгжиж чадахгүй байгаа гэсэн нөхцлүүд багтаж байгаа юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газрын тосны дэлхийн нөөцийн гуравны хоёрыг хяналтдаа байлгадаг ОПЕК-ийн орнуудад хандан нэн хурдан олборлолтоо нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байлаа. Гэхдээ Орос зэрэг орнууд өдөрт олборлох хэмжээгээ 400 мянган баррелиар л нэмэх сар бүрийн олборлолтын өсөлтийн төлөвлөгөөгөө өөрчлөх хүсэлгүй байгаа юм. Цар тахлын ээлжит давлагаа гарч, эрэлт дахин унаж болзошгүй тул олборлолтыг нэмэх шаардлагагүй гэж газрын тос олборлогчид мэдэгдсээр байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин