Пентагон харийн биетийг тандах хэлтэстэй болно
2021-11-24

АНУ-ын Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүнд үл танигдах нисдэг биетийг тандах өөрчлөн байгуулсан хэсэг бий болох гэнэ. Энэ талаар РГ агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ардчилсан намаас сонгогдсон Кирстен Гиллибранд тэргүүтэй хэсэг сенатч үл танигдах нисдэг биетүүдийг судлах явцыг өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Ингээд тэд Үндэсний батлан хамгаалахын бүрэн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулан "Хачирхалтай үзэгдлийг хянах газар" нэртэй хэлтэс байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ байгууллага нь АНУ-ын тагнуулын байгууллагуудаас үл танигдах нисдэг биетийн талаарх аливаа мэдээллийг шаардан авах эрхтэй байх аж.

 

Конгрессын дээд танхимд хэлэлцэж буй энэ саналыг бүгд найрамдах намаас сонгогдсон Линдси Грэхем, Марко Рубио нар дэмжжээ.

 

Энэ саналыг гаргасан Гиллибранд Politico  сонинд өгсөн ярилцлагадаа шинэ хэлтэс байгуулах шалтгааныг ярьсан байна. "Энэ технологийг хорон санаатнууд эсвэл өөр нэг субъект ашиглаж байгаа бол бид түүнийг нь мэдэх ёстой" хэмээн Гиллибранд өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин