Эрүүл мэндтэй холбоотой 6 ТӨӨРӨГДӨЛ
2021-11-26

Анагаах ухаан хөгжсөн он жилүүдэд хүмүүс аливаа өвчлөлөөс сэргийлэх, хамгаалах олон аргуудыг мэддэг болсон. Хоол идэхийн өмнө гараа угаах, бухимдсан үед гүнзгий амьсгаа авах, хоногт наймаас бага цаг унтахгүй байх, хангалттай хэмжээний шингэн уух гээд эрүүл мэндээ бодолцсон зуршлуудын жагсаалт урт үргэлжилэхээр. Гэхдээ заримдаа бидний зуршил болсон, бат итгэсэн ойлголтууд хэдийнэ хуучирсан, төөрөгдөл болон хувирсан байх нь элбэг. 

 

Төөрөгдөл 1. Сүрьеэгийн сорилд ус хүргэж болохгүй

Энэ бол хамгийн түгээмэл төөрөгдлүүдийн нэг. Арьсанд хүрсэн ус организмын реакцид нөлөөлж, үүнээс болж тариа тариулсан хэсэг хавдаж, сүрьеэгийн сорилын дүн хуурамч гарна гэж хүмүүс үздэг. Гэхдээ үнэндээ огт тийм биш гэнэ.

 

Туберкулиний тарилгыг арьсны гүн давхаргуудад тарьдаг аж. Энэ хэсэг рүү ус нэвтэрч орох, реакцид нөлөөлөх ямар ч боломжгүй гэнэ. Тиймээс л сүрьеэгийн сорил тавьсны дараа эмч нар усанд орохыг хязгаарласан ямар нэг зөвлөмж өгдөггүй юм байна. Гагцхүү тариулсан хэсгийг үрэхгүй, маажихгүй байхыг л зөвлөдөг.

 

Төөрөгдөл 2. Шарх, халцарсан хэсгийг устөрөгчийн хэт ислээр арчих ёстой

 

Хэт исэл ариутгаж, шарх аних явцыг хурдасгадаг гэж хүмүүс үздэг. Үнэндээ хүмүүс өргөн хэрэглэдэг устөрөгчийн хэт ислийн гурван хувийн уусмал нь шарх анихад төдийлөн тус болдоггүй гэнэ.

 

Устөрөгчийн хэт исэл шарх эдгэхэд сайн нөлөөлдөг гэдгийг батлах баталгааг эрдэмтэд олоогүй. Харин халдваргүйтгэдэг шинж чанарынх нь тухайд үүнтэй холбоотой судалгаанууд одоо ч хийгдэж байгаа гэнэ. Гэхдээ одоо байгаа мэдээллээр, хэт ислийг ариутгалд ашиглах нь тийм ч сайн сонголт биш гэнэ.

 

Учир нь ихэнх бичил организмууд устөрөгчийн хэт ислийн нөлөөг маш хурдан үгүй хийдэг ферментүүд агуулдаг байна. Тиймээс бактерийн тоог багасгах нь түр зуурын л нөлөө байдаг гэнэ. 

 

Төөрөгдөл 3. Бүдэг гэрэлд ном уншвал хараа муудна 

Бүдэг гэрэлт унших нь нүдэнд тийм ч сайнгүй гэдэг нь батлагдсан. Гэрэл муутай орчинд үг үсгийг олж уншихын тулд сайтар нягталж, нүдний булчингуудад ихээхэн ачаалал өгөх шаардлага гардаг байна. Үүнээс үүдэн нүд анивчих нь нэмэгдэж, нулимсан бүрхэвч хуурайшдаг байна. Ингэснээр нүд амархан ядардаг. Гэхдээ энэ нь хараанд нөлөөлдөг гэсэн үг биш гэж мэргэжилтнүүд өгүүлжээ.

 

Төөрөгдөл 4. Бэлтгэл хийхийн өмнө сунгалт хэрэгтэй

 

Та Усэйн Болтоос ч хурдан гүйхийг хичээж, эсвэл хүндийн өргөлтөөр хичээллэх гэж байгаа бол хэт их ачаалалд булчингаа бэлтгэх нь илүүдэхгүй.

 

Гэхдээ л бусад тохиолдол сунгалт үр дүнгүй гэж мэргэжилтнүүд өгүүлжээ. Бие халаалт бэлтгэлийн дараах өвдөлтөд, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлэх тал дээр ч дорвитой нөлөө үзүүлдэггүй гэнэ. Харин ч зарим тохиолдолд хэт эрчимтэй сунгалт хийсэн бол булчингийн хүчийг сулруулж, бэлтгэлийн үр дүнг бууруулдаг аж. 

 

Энэ бүхэн нь гагцхүү сунгалтад хамаарах бөгөөд харин дасгалын өмнөх бие халаалттай огт хамаагүй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Тэдний зөвлөснөөр аливаа дасгалын өмнө урьдчилаад булчингаа халаах хэрэгтэй, харин нэмэлт ачаалал өгөх ёсгүй гэнэ.

 

Төөрөгдөл 5. Хөлдөөснөөс илүү шинэ жимс ногоонд тэжээлийн бодис их байдаг

Хөлдөөсөн ногоо, жимсэнд шинэ жимс ногоотой адил хэмжээний ашиг тус байдаг. Учир нь эдгээр жимс ногооны тэжээлийн чанар өндөр байх үед нь буюу ургац хураасны дараа л шууд хөлдөөдөг тул шим тусаа алдаагүй байдаг гэнэ.

 

Түүгээр ч зогсохгүй, эрдэнэ шиш, мойл зэрэг зарим хөлдөөсөн бүтээгдэхүүн амин дэмийн агуулгаараа шинэ жимснүүдээс ч давдаг аж.

 

Төөрөгдөл 6. Холестерин ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд хортой

 

Ер нь холестерин хортой зүйл биш, харин ч амин чухал. Холестерин нь дэлхий дээрх бүхий л амьд организмуудын эдийн мембраны тогтвортой байдлыг хангадаг аж.

 

Түүнчлэн, нарны цацрагийн нөлөөгөөр Д амин дэм ялгарах, кортизол, эстроген, тестостерон зэрэг стероид гормонуудыг боловсруулахад оролцдог аж. 

 

Хүнсэнд агуулагдаж буй холестерин нь таны зүрх судсанд нөлөөлдөггүй гэж мэргэжилтнүүд өгүүлжээ. Эмч нар холестерин ихэдсэн талаар ярихдаа хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал тахианы өндөгнөөс авсан холестерины хэмжээг хэлээгүй, харин гагцхүү цусанд эргэлдэж буй холестериныг хэлж байгаа хэрэг гэж Америкийн анагаах ухааны WebMD сэтгүүлд өгүүлжээ.

 

Организм дахь холестерины солилцоо алдагдах нь гол хүндрэлтэй асуудал гэнэ. Ийм байдал үүсгэхгүйн тулд цусан дахь холестерины хэмжээгээ хянах ёстой аж. Ийнхүү хянахдаа хүнсээ хязгаарлах биш харин цусны шинжилгээ тогтмол өгч, эмчтэйгээ зөвлөлдөх ёстой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин