Эскимосчууд хүүхдүүд дээр туршилт хийсэн гэж Данийг шүүхэд өгчээ
2021-11-24

Гренландын эскимосчууд 70 жилийн тэртээх аймшигт туршилтын төлөө Данийн Засгийн газар нөхөн төлбөр өгөх ёстой гэж мэдэгдэн, Данийг шүүхэд өгчээ. Данийн Politiken хэвлэлийн мэдээлснээр, нийгмийн туршилтад орж байсан, өдгнөө амьд үлдсэн зургаан хүн Дани улс тэдний амьдралыг сүйрүүлснийх нь төлөө тус бүр 33 мянган евро нэхэмжилсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Дани  тухайн үед тус улсын колониудын нэг байсан Гренландыг өөрийн хяналтад тогтоон барих механизмыг боловсруулсан 1951 онд энэ түүх эхэлжээ. Тухайн үед дэлхий даяар колоничлолын эсрэг хөдөлгөөн өрнөж, Энэтхэг тусгаар тогтнолоо олж авч байсан бөгөөд  чухамхүү ийм нөхцөлд Дани улс хамгийн том, байгалийн нөөцөөр баялаг колони нутгаа алдахгүй байхын тулд тодорхой алхам хийхээр шийдсэн гэнэ.

 

Ингээд тэд хүүхдүүд дээр аймшигтай туршилт хийсэн байна. Тодруулбал, эскимосуудын бяцхан хүүхдүүдийг хаалттай сургуульд оруулан, төрөлх хэлээрээ ярихыг хоригложээ. Ийм туршилтад оруулах хүүхдүүдийг хүүхдийн асрах газраас төдийгүй, энгийн гэр бүлээс ч сонгон авсан байна. Тухайн үед эцэг эхд нь энэ туршилтын талаар огт яриагүй, хууран мэхэлж хүүхдийг нь хаалттай сургуульд оруулжээ.

 

Туршилтын улмаас 22 хүүхдийн хөгжлийн явцад хүндрэл гарч эхэлсэн байна. Тэд эцэг эх, төрөл төрөгсөдтэйгээ холбоо тасарч, улмаар сэтгэл гутралд оржээ.

 

Энэ туршилт бүтэлгүйтсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, хоёр дахь бүлэг хүүхдүүдийг эхний аргаар хүмүүжүүлээгүй гэнэ. Мөн Гренландыг хяналтдаа байлгах асуудлыг ч өөрөөр шийджээ. 1953 онд Гренланд арал Данийн бүрэлдэхүүнд орсон юм.

 

Хэл соёлыг нь мартуулж, Данид уусгасан хүүхдүүдийг бүгд мартаж, харин үеийнхэн нь тэднийг "өнчин" хэмээн шоолдог байсан гэнэ. Хожим эдгээр хүүхдүүдийн ихэнх нь согтууруулах ундаа, мансууруулах бодисд донтож, 40 нас хүрэлгүй нас барсан байна.

 

Энэ эмгэнэлт явдлаас олон жилийн дараа 2020 оны 12 дугаар сард Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен албан ёсоор уучлал гуйж байлаа. Гэхдээ нөхөн төлбөр олгох асуудал хөндөгдөөгүй юм. Харин энэ удаад амьд мэнд үлдсэн туршилтын оролцогчид Даниас санхүүгийн хариуцлага нэхэхээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үгчилж орчуулсан учраас наад туршилт гэдэг үг чинь чихэнд сонсогдохгүй,ойлгомжгүй бна даа.зарим зүйлсийг утгаар нь орчуулж болно шүү дээ.Жнь: туршилт гэдэг үгний оронд утгаар нь нууц, палдарга барил нтр гэсэн бол арай ойлгомжтой юм бодов уу гэж бодлоо...
2021-11-24