Швед анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон ч сайд хэдхэн цагийн дараа огцров
2021-11-25

Швед улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болжээ. Түүнийг Магдалена Андерссон гэнэ. Гэвч Магдалена энэ өндөр албан тушаалд удсангүй, томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа тэрбээр огцрох хүсэлтээ гаргажээ. 

 

Ийнхүү хэдхэн цагийн дараа огцрох болсон шалтгаан нь Андерссоны нам болох социал демократууд багтсан эвслээс "ногоонтууд" гарахаар болсонтой холбоотой гэж Шведийн Радио мэдээлжээ. Шведийн парламент улсын төсвийг дэмжихээс татгалзсаны дараа ногоонтнууд ийнхүү эвслээс гарахаар шийдсэн гэнэ.

 

Засгийн газраас өргөн барьсан төсвийг "Шведийн демократууд" барууны популист нам багтдаг сөрөг хүчнийхний боловсруулсан төсвөөр солихын тулд парламент дэмжээгүй байна. Магдалена Андерссон анхандаа сөрөг хүчний боловсруулсан төсвийг зохицуулж чадна гэж мэдэгдэж байсан ч ногоонтны нам төсөв боловсруулахад "Шведийн демократууд" оролцсон гэдгээс болж эвслийг орхижээ.

 

Одоо тус улсын парламентын дарга намын дарга нартай шинээр хэлэлцэх бөгөөд энэ хэлэлцээрийн дүнгээр Андерссоныг дахин нэр дэвшүүлж, парламентаар хэлэлцүүлэх магадлалтай гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Агентлагийн мэдээлснээр, Андерссон дахин Ерөнхий сайдын суудалд суух боломж өндөр, учир нь ногоонтнууд Андерссоныг дахин дэмжихэд бэлэн байгаа бол төвийн нам санал хураах үеэр түтгэлзэнэ гэж мэдэгдсэн нь үнэндээ дэмжихийг илэрхийлж байгаа аж. Мөн Зүүнтний нам ч Магдалена Андерссоныг дэмжихэд бэлэн байгаа гэнэ.

 

Хэдийгээр Шведийн эдгээр улс төрийн хүчнүүд төсвөө баталж чадаагүй ч "Шведийн демократууд"-ыг төрийн эрхэнд гаргахгүйн тулд нэгдэхэд бэлэн байгаа гэнэ.

 

"Шведийн демократууд" тэргүүлэх засгийн газар Шведэд байгуулагдахгүй байхын тулд бид бүхнийг хийнэ" гэж төв үзэлтнүүдийн тэргүүн Анни Лёф мэдэгджээ.

 

Анхны эмэгтэй Ерөнхий сайд

 

Андерссоныг томилогдох хүртэлх хугацаанд Швед улс үндэсний тэргүүнээрээ хэзээ ч эмэгтэй хүн сонгож байгаагүй Скандинавын цорын ганц улс байлаа.

 

Өдгөө 54 настай Магдалена Андерссон өмнөх Ерөнхий сайд Стефан Левенийг залган, парламентаар сонгогдсон юм. Тус улсын хуулиар Ерөнхий сайдыг сонгоход парламентын гишүүдийн олонхын дэмжлэг авах ёстой аж.

 

Андерссон эдийн засагч мэргэжилтэй. Стокгольмын Эдийн засгийн дээд сургуулийг 1992 онд удирдлага, эдийн засгийн бакалаврын зэрэгтэйгээр төгсчээ. Улмаар 1995 онд Харвардын их сургуульд элсэн суралцсан байна. 

 

Упсала хотын өсвөр үеийнхний усанд сэлэлтийн аварга болж явсан Магдалена Андерссон улс төрийн карьераа 1996 онд эхэлж байжээ. Тэрбээр тухайн үеийн Ерөнхий сайд Йоран Перссоны улс төрийн зөвлөхөөр ажиллаж байсан гэнэ. Харин 2014 онд Андерссон Шведийн сангийн сайд болсон бөгөөд мөн л түүнийг томилогдох хүртэл энэ албан тушаалыг эмэгтэй хүн хашиж байгаагүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин