Цагаачдын хямрал: Британийг зорьсон 31 цагаач Ла-Маншид живжээ
2021-11-25

Францын Кале хотоос холгүйхэн, тэнгист 31 цагаач живж амиа алджээ. Тэд Ла-Маншийн хоолойгоор дамжин Францаас завиар гарч, Их Британийг зорьж байсан гэнэ. Ослын дохиог ойролцоо явж байсан загас агнуурын онгоцууд өгсөн талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Ослын дохио хүлээн авсны дараа Британи, Францын эрх баригчид шөнө харанхуйд ч аврах ажиллагаа эхлүүлж, хөлөг онгоц, нисэх онгоцуудыг дайчлан ажиллажээ. Гэвч 31 цагаач бүгд амиа алдсан байна. Тэдний дунд таван эмэгтэй, нэг охин байсан гэнэ. Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, аврах ажиллагааны үеэр хоёр хүнийг эсэн мэнд аварч чадсан бол нэг хүн сураггүй болжээ. Энэхүү осол нь 2014 оноос хойш Ла-Маншийн хоолойд гарсан хамгийн олон хүний амь насыг авч одсон эмгэнэлт хэрэг гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдсэн байна. 

 

Энэ эмгэнэлт хэрэг гарсны дараа Бельгитэй хиллэдэг Францын хилээс холгүйхэн дөрвөн хүн саатуулагдсан гэж Францын эрх баригчид мэдэгджээ. Эдгээр хүмүүс Лан-Маншийн хоолойг хууль бусаар нэвтрэх оролдлогыг зохион байгуулахад оролцсон гэж Францын эрх баригчид сэжиглэж байгаа гэнэ. 

 

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болсон явдалд цочирдсоноо илэрхийлээд, хууль бусаар цагаачдаар мөнгө олдог бүлэглэлийн  үйл ажиллагааг зогсоохын тулд боломжит бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн байна. 

 

Хүмүүсийг хууль бусаар зөөдөг бүлэглэл 

 

Олон хүн амиа алдсан эмгэнэлт хэргийн талаар Францын Засгийн газар мэдэгдээд,  хууль бусаар цагаачдыг зөөвөрлөдөг гэмт бүлэглэлийн золиос нь эдгээр хүмүүс болсон гэж онцолсон байна. Цагаачдыг зөөвөрлөх завинуудыг аюултай замд гарахаас нь өмнө зогсоох шаардлагатай гэдэг энэ үйл явдал дахин харууллаа гэж Францын парламентын төлөөлөгч Дила Натали Элфик мэдэгджээ. 

 

"Өвөл ойртох тусам тэнгисийн давалгаа ширүүсэж, ус улам хүйтэн болно. Ингэснээр хүмүүс амиа алдах эрсдэл улам бүр нэмэгдэж байна. Тиймээс энэхүү аюултай оролдлогуудыг таслан зогсоох нь хүмүүнлэг бөгөөд зөв алхам" хэмээн Элфик мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт Английн Дувр хотын цагаачлалын газар жижиг завиудаар Британид хүрч чадсан цагаачдын зарим хэсгийг эрэгт хүргэсэн байна. Лхагва гарагт нийтдээ 25 жижиг онгоц Ла-Маншийн хоолойг гатлах оролдлого хийсэн гэнэ.

 

Ла-Маншийн хоолой нь дэлхийн хамгийн хөдөлгөөн ихтэй тэнгисийн чиглэлд тооцогддог бөгөөд энэ чиглэлээр хийлдэг завиар замд гарах эрсдэлтэй алхам хийсэн хүмүүс олноороо амиа алддаг. Сүүлийн долоо хоногт гэхэд л, дээрх тохиолдлыг тооцохгүйгээр, 10 хүн Ла-Маншийн хоолойд амиа алджээ. 

 

Хууль бус цагаачлалтай тэмцэхээр Жонсон, Макрон нар тохиролцов 

 

Их Британийн Ерөнхий сайд, Францын Ерөнхийлөгч нар хоёр орныг заагласан Ла-Маншийн хоолойгоор ирэх хууль бус цагаачдын урсгалыг шийдэх асуудал дээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцжээ. Тэд лхагва гарагт утсаар хэлэлцэн, ийнхүү тохиролцсон байна.

 

"Хүмүүс амь насаа алдаж буй энэхүү явдлыг таслан зогсоож, хүмүүсийн амь насыг аюулд оруулж буй хууль бус бүлэглэлийг зогсоохын тулд хамтын хүчээ дайчлахаар тохиролцсон" гэж Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

 

Борис Жонсон, Эммануэль Макрон нар лхагва гарагт 50 хууль бус цагаачийг тээвэрлэж явсан завь живсэн дээрх эмгэнэлт хэрэг гарсны дараа утсаар ярилцсан байна. 


Их Британи, Францын эрх баригчид хууль бус цагаачдын асуудалтай хамтран тэмцээр байгаа ч Лан-Маншийн хоолой болон Па-де-Кале хэсгийг туулахыг оролдох цагаачдын тоо өссөөр байгаа юм. 2021 онд гэхэд л энэ чиглэлээр 25 мянга гаруй цагаач Их Британид иржээ. Энэ сарын 11-ний өдөр хоногт бүртгэгддэг цагаачдын тооны дээд үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр 1185 цагаач Их Британид иржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чам шиг тэнэгүүдийг л нэвтрүүлж болохгүй.
2021-11-25
Зочин:
Өөрсдөө буудаад живүүлсэн биз зээ. Хогнууд шүү дээ Британчууд.
2021-11-25
Зочин:
Хууль бус цагаач дүрвэгсдийн эсрэг хатуу хязгаарлалт тавь
2021-11-25
Чам шиг тэнэгүүдийг л нэвтрүүлж болохгүй.