"Squid game" киног түгээсэн Хойд Солонгосын иргэнийг цаазалжээ
2021-11-25

 

Нетфликсийн шилдэгүүдийг жагсаалтыг тэргүүлж буй "Squid game" киноны хуулбар бичлэгийг  хууль бусаар нутагтаа авчирсан хэргээр Хойд Солонгосын иргэн цаазлуулжээ. Энэ талаар Daily Mail мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Хамгён Пукто мужийн оршин суугч эр USB флаш дээр киноны хуулбарыг хадгалж Хятадаас авчирж , дараа нь найз нөхдийнхөө дунд тарааж байгаад хууль сахиулагчдад баригдсан гэнэ. Улмаар энэ иргэнийг буудан алах ялаар шийтгэсэн бөгөөд киноны хуулбарыг худалдан авсан өөр нэг хүнийг бүх насаар нь хорих ял, киног үзсэн зургаан хүнийг таван жил албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэжээ.

 

Хойд Солонгост 2021 оны эхнээс Баруун болон Өмнөд Солонгосын кино, шоу, олон ангит киног нэвтрүүлэхийг хориглосон хатуу хууль үйлчилж эхэлсэн юм. Энэ хуулийг зөрчин дээрх төрлийн бүтээлийг үзсэн, хадгалсан, эсвэл түгээсэн бол хүнд ялаар шийтгэхээр тусгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин