Омикрон бүртгэгдсэн болон хилээ хаасан улс орнууд
2021-11-29

 

ДЭМБ омикроны тухай анх 11 дүгээр сарын 24-ний өдөр мэдээлж байлаа. Энэ штамм Өмнөд Африкт анх дэгдсэн бөгөөд одоо Өмнөд Африкийн бүхий л мужуудад бүртгэгджээ.Анхны тохиолдол, 11 дүгээр сарын есний авсан шинжилгээний дээжээс "омикрон"-ы халдвар илэрсэн байна. 

 

Шинэ штамм юугаараа онцлог вэ?

 

Эрдэмтдийн мэдэгдсэнээр, энэ штаммын S уураг нь 32 мутацитай бөгөөд эдгээрийн тусламжтайгаар вирус эд эсд нэвтэрч үрждэг аж. Шинэ мутациуд нь коронавирусээс сэргийлэх вакцины үр дүнг бууруулж болзошгүй гэж эрдэмтэд санаа зовниж байгаа гэнэ. Гэхдээ одоо байгаа вакцинуудын үр дүнг шинэ штамм үнэхээр бууруулна гэдгийг тогтооход цаг хугацаа хэрэгтэй гэж шинжээчид тайлбарлажээ. Пфайзертай хамт вакцин боловсруулсан БионТеч компани тэдний вакцин шинэ штаммын эсрэг үйлчилж байгаа эсэх талаар хоёр долоо хоногийн дараа зарлана гэж мэдэгдсэн юм. 

 

Энэ компанийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, шинэ штаммаас хамгаалдаг болгон вакциныг шинэчлэхэд зургаан долоо хоног шаардлагатай, харин 100 хоногийн дараагаас улс орнууд шинэ хувилбараас хамгаалах вакциныг хүлээн авах боломжтой гэнэ.

Урьдчилсан мэдээллээр, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн омикроны халдвар авах эрсдэл өндөр байгаа гэнэ. Гэхдээ, ӨАБНУ-ын эрдэмтдийн өгүүлснээр, хэдийгээр энэ хувилбар халдварлах чадвар өндөр ч нас баралтын илүү өндөр эрсдэлтэй гэсэн үг биш, халдварын үед шинж тэмдэг хөнгөн илэрдэг хэмээжээ. 

Шинэ штаммыг судлах ажил үргэлжилж байгаа бөгөөд омикрон илүү халдвартай, эсвэл халдвар авбал өвчин хүндэрнэ гэх ямар ч батлагдсан мэдээлэл байхгүйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд онцолжээ.

 

Омикрон бүртгэгдсэн орнууд

 

Энэ штамм анх Ботсвана, Өмнөд Африк, Хонконгт бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкаас ирсэн жуулчнаас энэ хувилбар илэрчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Өмнөд Африкт хүн амынх нь ердөө 24 хувь нь вакцинд хамрагдсанаас үүдэн улс дотор нь болон хилийн чанадад энэ штамм хурдацтай тархахад нөлөөлсөн байж болзошгүй гэнэ. 

 

Одоогоор Израиль улсад Малавигаас ирсэн нэг жуулчнаас омикрон штамм илэрсэн, дахин хоёр хүн энэ штаммаар халдварлагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Бельги улсад Египет, Туркээс ирсэн жуулчнаас 11 дүгээр сарын 26-ны өдөр омикроны халдвар илэрсэн нь Европт шинэ төрлийн штамм бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм.

 

Үүний араас Британи, Германид омикроны хоёр тохиолдол, Итали, Чехд тус бүр нэг тохиолдол илэрчээ. Мөн энэ шинэ хувилбараас үүсгэгдсэн халдвар Дани, Нидерланд руу зөөвөрлөгдсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Учир нь Нидерландад Өмнөд Африкаас очсон 60 гаруй зорчигчоос коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд энэ халдвар чухам ямар штаммаар үүсгэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

 

Орост энэ төрлийн вирус илэрсэн гэх мэдээлэл 11 дүгээр сарын 28-ны өдөр гарч байсан ч Оросын Хэрэглэгчийн хяналтын газар "Ням гарагийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэр дээр омикрон штамм бүртгэгдээгүй" хэмээн мэдээллийг няцаажээ. 

 

 

Хил нэвтрүүлэх журмаа чангатгасан орнууд 

 

Ийнхүү Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Грек цагаан толгойн "омикрон" үсгээр тэмдэглэсэн, коронавирусийн шинэ штамм илэрснээр дэлхийн улс орнууд улс хоорондын зорчих хөдөлгөөний журмаа чангатгалаа. Тодруулбал, Европын холбооны 27 улс ӨАБНУ, Ботсвана, Свазиленд, Леосот, Мозамбик, Намиби, Зимбабве гэсэн Африкийн долоо орноос ирэх бүхий л нислэгийг зогсоосон юм. Мөн ийм шийдвэрийг АНУ, Австрали гаргасан бөгөөд агаарын харилцаагаа хязгаарласан орнуудын жагсаалтаараа л ялгарч байгаа аж. 

 

Испани улс эрсдэлтэй орнуудаас ирсэн хүмүүсээс хил нэвтрэхээс өмнө 78 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж эхэлсэн байна. Ийм шинжилгээг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран ирсэн хүн бүр үзүүлэх ёстой гэнэ. Мөн үүний зэрэгцээ  12 дугаар сарын нэгнээс эхлэн Испани улс Их Британи, Хойд Ирландаас гагцхүү вакцинд бүрэн хамрагдсан хүн хүлээж авахаар болжээ.

 

Харин Португали улс бүхий л гадаад улс орноос ирж буй зорчигчдоос ийм шинжилгээ шаардахаас болсон байна. Халдварын нөхцөл байдал харьцангуй тогтвортой бүс нутгаас ирсэн ч PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай аж. Харин Их Британийн эрх баригчид арай өөр шийдвэр гаргасан байна. Тодруулбал, гадаад улс орнуудаас ирсэн хүмүүс хил нэвтэрсэнээс хойш хоёр хоногийн дараа PCR шинжилгээ өгөх бөгөөд шинжилгээний хариу гартал тусгаарлалтад байх ёстой гэнэ.

 

Шинэ хувилбар гарсантай холбоотойгоор хамгийн хатуу арга хэмжээ авсан улс нь Израиль боллоо. Энэ улсын эрх баригчид хилээ хааж, аль ч орноос жуулчин авахааргүйгээр шийдсэн байна. Израильд омикрон штаммын халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн тул ийнхүү хилээ хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарласнаар шинэ штаммыг нутаг дэвсгэртээ тархахаас сэргийлж чадна гэж үзжээ. 

 

Израиль хилээ хааснаар гагцхүү тусгай комиссын зөвшөөрөлтэй иргэд л энэ улс руу нэвтрэх юм байна. Мөн хилийн чанадаас эргэн ирж буй Израилийн иргэдээс PCR шинжилгээ авч, гурван өдөр тусгаарлалтад байлгахаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин