Грек: Вакцин тариулахаас татгалзсан 60-аас дээш настнуудыг торгоно
2021-12-01

Коронавирусийн цар тахал намжихгүй, вирусийн шинэ хувилбарууд гарсаар байгаа энэ үед дэлхийн улс орнууд хүн амынхаа тодорхой бүлэгт албадан вакцинд хамрагдах журмыг ээлж дараалан гаргасаар байна. Тухайлбал, АНУ төрийн албан хаагчид, цэрэг, эмнэлгийнхнийг коронавирусийн вакцинд зайлшгүй хамрагдах журам гаргаад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа юм. Европын бусад орнууд ч зарим ажил мэргэжил, насны бүлгийнхнийг албан журмаар вакцинд хамрагдах шийдвэрийг гарган хэрэгжүүлсээр байна. Энэ удаад ийм шийдвэрийг Грек улс гаргажээ. 

 

Тодруулбал, Грек улс 60-аас дээш насныхныг коронавирусээс сэргийлэх вакцинд зайлшгүй хамрагдах журам гаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн тарилгаас татгалзсан хүмүүс сар бүр 100 еврогийн торгууль төлнө гэж Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдсэн байна. "Жараас дээш насныхан нэгдүгээр сарын 16-ны дотор эхний тунгаа хийлгэсэн байх ёстой" гэж тэрбээр мэдэгджээ. 

 

Вакцин тариулахаас татгалзсан хүмүүсийн торгуулиас олсон мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд тус улсад хүнд өвчтөний тоо их байгаа тул эмнэлгийн ачаалал хэтэрсэн байна. Грекийн 11 сая хүн амын 63 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан ч 60-аас дээш насны 520 гаруй мянган хүн вакцин тариулаагүй гэсэн судалгаа гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин