Шинзо Абэ Хятадыг Тайвань руу дайрахгүй байхыг анхааруулав

img

Японы Ерөнхий сайд асан, тус улсын эрх баригч Либераль ардчилсан намын томоохон фракцийн тэргүүн Шинзо Абэ Хятадыг Тайвань руу дайрахгүй байхыг анхааруулжээ. Нөхцөл байдал ингэж эргэвэл Япон, АНУ зүгээр хараад сухгүй гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

 

"Тайванийг тойрсон онц нөхцөл байдал Японы хувьд ч онц байдал юм. Түүнчлэн Япон, Америкийн эвслийн хувьд ч онц байдал. Хятадын ард түмэн, тэр дундаа Ши Жинпинь дарга энэ мөчийг ойлгохдоо андуурч будилахгүй байх хэрэгтэй" хэмээн Шинзо Абэ Тайванийн Үндэсний бодлогын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан цахим форум дээр үг хэлэх үеэрээ онцолжээ. 


Түүнчлэн, Хятадын дарга Ши Жинпинтэй уулзах үеэрээ Тайванаас 100 км зайд орших Сенкаку арлыг Япон хамгаалахад бэлэн байгаа байдлыг дутуу үнэлэх хэрэггүй гэж ил тодоор хэлсэн хэмээн Шинзо Абэ  мэдэгдсэн байна. 

 

Мөн Тайвань руу халдвал эдийн засгийн хувьд амиа хорлосонтой адил хэрэг болно гэж Японы Ерөнхий сайд асан үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

“Цэргийн түрэмгийлэл бол эдийн засгийн амиа хорлолт. Тайванийн эсрэг ийм түрэмгийлэл гаргавал дэлхийн эдийн засагт асар том нөлөө үзүүлэхийн дээр Хятад өөрийгөө ч ноцтой хохирооно” хэмээн Шинзо Абэ мэдэгджээ. 

 

Түүнчлэн Япон, Тайвань төдийгүй дэлхийн ардчилсан улс орнууд Ши Жинпинь болон Коммунист намын удирдлагуудыг “алдаатай замаар явахгүй байхыг” тасралтгүй уриалах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ер нь их гүрнүүдэд тал засахын ёстой хэрэггүй. Илэрхий алдаатай дээрэнгүй бодлого явуулж байдаг.
2021-12-02