COVID-19: Эрдэмтэд вирусийг устгах бохь бүтээв

Британи зэрэг орнууд иргэдээ нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, зул сарын баяраар омикрон штаммаас болж дахин хөл хорио тогтоохгүй байхаар төлөвлөж байгаа бол коронавирусийн шинэ хувилбарын дэгдэлтээс зайлсхийх зорилгоор авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудын арга хэмжээнүүд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байна.
Сүүлийн 28 өдөр дэлхий дээр 15 сая орчим хүн коронавирусийн халдвар авчээ. Энэ халдварын тохиолдлын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д 28 өдрийн хугацаанд 2,3 сая хүн халдвар авсан бол үүний араас, 28 хоногт 1,2 сая тохиолдол бүртгэгдсэн Герман, 1,1 сая тохиолдол имлэрсэн Их Британи болон нэг сая халдвар илэрсэн Орос улс бичигдэж байна.
Харин нас баралтын тоогоор АНУ болон ОХУ Европын бусад орнуудаас илүү байгаа юм. АНУ-д 28 өдрийн дотор 30 мянга гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан бол Орост энэ үзүүлэлт 33 мянга байна.
Вирусийн эсрэг бохь
Коронавирусийн халдвар ийнхүү олон оронд улам нэмэгдэж, вирус мутацид орон, вакцины үр дүнг ч сулруулах аюул заналхийлж байгаа энэ үед Америкийн эрдэмтэд асуудлыг арай өөрөөр шийдэх арга олжээ.
Тодруулбал, Америкийн эрдэмтэд аман дахь шүлсэнд агуулагдаж буй вирусийн хэсгүүдийг идэвхгүй болгох бохь зохион бүтээсэн байна. Вирусийг цааш биед нэвтэрч үржихээс өмнө, амны хөндийд байхад нь устгах нь үр дүнтэй арга гэж эрдэмтэд үзжээ. Мөн энэ вирус устгах бохь нь цаашид халдвар дамжуулах эрсдэлийг бууруулахад тусална гэж эрдэмтэд найдаж байгаа аж.
Одоогоор энэ бохийг хүмүүс дээр эмнэлзүйн туршилтад оруулаагүй, харин лабораторийн нөхцөлд туршихад багагүй үр дүн үзүүлжээ. Судалгаанаас харахад бохинд агуулагдах 5мг уураг вирус цааш эд эсэд нэвтрэхийг ихээхэн бууруулах бол 50 мг нь вирусийн идэвхжлийг 95 хувиар бууруулж байгаа нь тогтоогдсон гэнэ.
Гэхдээ ийм бохь гарсанаар цар тахлыг ялчихлаа гэсэн үг биш гэж шинжээчид үзэж байна. Учир нь лабораторийн судалгаагаар үр дүнтэй байсан арга бодит амьдрал дээр төдийлөн хүссэн үр дүнд хүрэхгүй байх нь элбэг гэнэ. Амны хөндий дэх нөхцөл лабораторийнхаас ихээхэн ялгаатай. Тиймээс амны хөндийн температур болон тэнд байх бактерууд бохины үр ашигт хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Дэлхийн эдийн засаг удааширч байна
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5,7 хувь байсныг 5,6 хувь болгон бууруулжээ. Гэхдээ ирэх оны таамаглал (4,5 хувь) өөрчлөгдөөгүй байна.
"Дэлхийн эдийн засаг сэргэх явц үргэлжилж байна, гэхдээ энэ явц удаашран, тэнцвэрээ алдаж байгаа" хэмээн тус байгууллагын мэдэгдэлд онцолжээ.
Нийлүүлэлтийн хэлхээ алдагдах, ажиллах хүч дутагдах болон инфляци нь дэлхийн эдийн засагт заналхийлж буй гол аюулууд гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага мэдэгдсэн байна.
"2021-2022 оны зааг дээр инфляци оргилдоо хүрч, дараа нь 3 хувь хүртэл аажмаар буурна" гэж энэ байгууллагын шинжээчид таамагласан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ