Эрдэмтэд: COVID-19-ийн улмаас бөөрний дутагдалд орох эрсдэлтэй
2021-12-02 08:46

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн бөөрний ажиллагаа буурч байгаа нь ажиглагдсаны дээр бөөрний дутагдалд орох эрсдэлтэй гэж Америкийн эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Эрдэмтдийн өгүүлснээр, коронавирусийн улмаас бөөр 30 жилээр хөгширдөг гэнэ. 

 

Коронавирусийн халдвар авах нь бөөрөнд нөлөөлж, энэ сөрөг үр дагавар нь бөөрний үйл ажиллагааг ноцтой доголдуулж, энэ нь тухайн хүнд бүх насаар нь үргэлжилж болзошгүй гэж Сент-Люисийн эрдэмтдийн судалгаанаас иш татан Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. 

 

Эрдэмтдийн хийсэн судалгаанд 2020 оны гуравдугаар сарын нэгнээс 2021 оны гуравдугаар сарын 15-ны хооронд коронавирусийн халдвар гэж оношлогдсон 89,2 мянган хүн оролцжээ. Түүнчлэн коронавирусээр халдварлаагүй 1,6 сая хүний мэдээллийг эрдэмтэд судалгаандаа ашигласан байна.

 

Судалгааны дүнгээс харахад, хүмүүс коронавирусийн халдвар аваад эдгэрснээс хойш нэгээс зургаан сарын дотор бөөрний үйл ажиллагаа муудах нь вирусийн халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад 35 хувиар их байсан гэнэ.

 

"Коронавирусийн халдварыг даваад 30 хоног өнгөрсөн хүмүүс бөөрний дутагдалд орох эрсдэлтэй" хэмээн Вашингтоны их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны сургуулийн бөөр судлаач, донцент, судалгааны зохиогчдын нэг Зияд Аль-Али анхааруулжээ.

 

Түүнчлэн судалгаанд оролцсон 220 өвчтөний бөөрний өвчлөл сүүлийн шатандаа орсныг илрүүлсэн бөгөөд тэдний бөөрний үйл ажиллагааны 85 хувь нь алдагдсан байсан гэнэ. 

 

Энд дуулгахад, цар тахал эхлэх үеэр  Оросын бөөрний ерөнхий эмч Евгений Шилов коронавирус бөөрний архаг өвчлөлтэй хүмүүстэй нэн аюултай гэж сэрэмжлүүлж байлаа. Ийм өвчинтэй хүмүүс коронавирусийн халдвар авбал бөөр өвчлөөд зогсохгүй нас барах ч эрсдэл өндөр гэж тэрбээр анхааруулж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин