С.Эрдэнэ: Эрх баригчид дарангуйлал бий болгохыг санаархаж байна

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар АН-ын зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
АН-ын дарга асан, зөвлөхүүдийн танхимын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Арванхоёрдугаар сарын 04-нд хүндэтгэлийн бөхийн барилдаанаар үйл ажиллагаа эхэлнэ. Улмаар арванхоёрдугаар сарын 05-нд Анхдугаар чуулганы хуралдаан эхлэх юм. Мөн үндэсний чуулганы хуралдааны хоёр дахь өдрөөс эхлэн орон нутгийн төлөөлөлтэйгээ чөлөөт уулзалт ярилцлага болно.
Өмнө нь бүсийн чуулганыг 20 гаруй удаа зохион байгуулж, дөрвөн том аян зохион байгуулж байсан. Энэ бүгдийг нэгтгэж Үндэсний анхдугаар чуулган зохион байгуулах байгаа. Уг чуулганы гол зорилго нь өнөөдрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд гишүүд намын анхан дунд шатны байгууллагуудын оролцоо, байр суурь үгийг сонсох нөхцөл байдлыг хангахад оршино. Үндэсний анхдугаар чуулганд 1206 төлөөлөгч оролцоно. Чуулганд үндсэн гурван илтгэлийг оруулна.
Чуулганаар улс төрийн намын тухай хуулийн үндсэн хэлэлцүүлэг, үндсэн дүрмийн өөрчлөлт, үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд хүний эрхийн асуудлыг онцгойлж тавих юм. Сүүлийн 10 жил хүний эрхийн оролцооны асуудал хумигдсан. Эрх баригчдын зүгээс дарангуйлал бий болгох санаархлыг ил далд янз бүрийн хэлбэрээр явуулж ирсэн. Чуулганаар хүний эрхийн асуудалтай холбоотой хэлэлцүүлэг хийнэ. Чуулганы дараа хүндэтгэлийн арга хэмжээ явагдаж, орон нутгийн төлөөлөгчдөө үдэж гаргаж өгнө.
Арванхоёрдугаар сарын 10 Ардчилал хүний эрхийн өдрийн тэмдэглэлт өдөр. Нэлээн хэдэн жилийн өмнө УИХ-ын тогтоол гарч, жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ныг хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх УИХ-ын тогтоол гарсан.
Тиймээс олон улсын хүний эрхийн өдрийг энэ жил баяр ёслолын гэхээс илүү санал дүгнэлт гаргасан, оролцоог хангасан үндэсний форум зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Жил бүр ХЭҮК-оос тодорхой ажил зохион байгуулдаг боловч хүртээмж багатай. Үр дүн багатай. Энэ удаагийн хүний эрхийн анхдугаар форумыг нээлттэй иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан хэлбэрээр зохион байгуулна.
Мөн Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүдтэй хамтран Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулаад дуусаж байна. Уг хуулийн төслийг УИХ-д Ардчилсан намаас өргөн барих ажлыг эхлүүлнэ" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ