"Омикрон" эмнэлэг шинэ штаммын нэрийг өөрчлөхийг шаардан шүүхэд ханджээ
2021-12-02 15:15

Оросын "Омикрон" хараазүйн эмнэлгийн сүлжээг үүсгэн байгуулагч, захирал Александр Падар коронавирусийн шинэ штаммын нэрнээс болж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Орос дахь төлөөлөгчийн газрыг шүүхэд өгчээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Александр Падар 11 дүгээр сарын 30-ны өдөр Москвагийн Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлд "Омикрон" брэндийг олон нийтэд таниулах үүднээс "асар их мөнгө сурталчилгаанд зарлагдсан" хэмээсэн байна.

 

"Өмнө нь олон жилийн туршид хайлтын системд "омикрон" гэсэн үг оруулахад нэн тэргүүнд нэхэмжлэл гаргагчийн хараазүйн эмнэлгийн мэдээлэл гарч ирдэг байсан. Харин одоо гагцхүү түгшүүр, айдас дагуулсан мэдээлэл л илэрч байна" хэмээн нэхэмжлэлд өгүүлжээ.

 

Тиймээс бизнес эрхлэгч коронавирусийн штамм болон бусад аливаа халдварыг нэрлэхдээ "омикрон" гэсэн үг ашиглахгүй байхыг шаардаж, энэ нэр томъёог ДЭМБ-ын баримт бичгүүдээс хасуулах, хариуцагчийг 6000 рублийн хэмжээтэй тэмдэгтийн хураамжийн зардал төлөхийг шаардаж байгаа аж.

 

Падарын өгүүлснээр, эмнэлгийн нэр нь албан ёсоор бүртгэгдсэн барааны тэмдэг бөгөөд энэ нэр коронавирусийн штаммтай холбогдож байгаа нь түүний ажил хэрэгт сөрөг нөлөө үзүүлж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин