Хятад, Лаосыг холбосон төмөр замыг өнөөдөр нээнэ

Хятад, Лаосыг холбосон төмөр замын албан ёсны нээлт өнөөдөр буюу 12 дугаар сарын гуравны өдөр болно. Албан ёсны нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит нар цахимаар оролцох юм байна.
Энэхүү төмөр зам нь 1035 километр үргэлжилж, БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй шууд холбогдсон юм. Эхлэх цэг нь Хятадын Куньмин хот бөгөөд Хятадын Мохань, Лаосын Ботен гэсэн шалган нэвтрүүлэх боомтуудаар дамжин өнгөрч, эцсийн цэг нь Лаосын нийслэл Вьентьян хот болох аж. Шинэ төмөр замтай болсноор хоёр хотын хооронд зорчих хугацаа багасч, нэг хоногоос бага хугацаанд зорьсон газраа хүрэх боломжтой болжээ.
2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс барих ажлыг нь эхлүүлсэн Хятад, Лаосыг холбосон энэ төмөр зам "Бүс ба зам" санаачилга, Лаосыг хуурай замын томоохон тээврийн зангилаа болгох стратегийн хүрээнд хийгдэж буй хоёр талт хамтын ажиллагааны нэг хэсэг болж байгаа юм байна. Хятадыг Лаостой холбосон энэхүү төмөр зам байгуулах ажил нь Лаос, Мьянмар, Таиланд, Вьетнам, Малайз, Сингапураар дамжин өнгөрөх Азийг дамнасан төмөр замын сүлжээ байгуулах Хятадын төсөлд багтан хэрэгжжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ