Авлигатай тэмцэх чинь зүгээр л тунхаг юм уу, Ерөнхий сайд аа!

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлэг бий. Тэнд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг заавал яллахгүй гэсэн заалттай.
Өөрөөр хэлбэл Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа авлига авснаа хүлээн зөвшөөрсөн учраас түүнийг яллаагүй гэсэн үг.
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилготой Эрдэнэс Монгол компанийг удирдаж байхдаа авлига авснаа хүлээн зөвшөөрсөн түүний толгойг төр илээд явууллаа.
Шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгожээ. Энэ торгууль Д.Хаянхярваад инээдэм биз, худалчхан хүнд нэг сарын хоолны мөнгө нь байх. Мөн авлигаар авсан 315.000 ам.доллар болон 210.000.000 төгрөгийг нь улсын орлого болгожээ. Угаас энэ мөнгө Д.Хаянхярваагийн хөрөнгө биш учраас түүнд ямар ч гарзгүй.
Тэгэхээр Д.Хаянхярваа өөрийнхөө батлалцсан хуулийн хайр халамжийг хүртээд ялаас мултарсан гэсэн үг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай, авлигачидтай тэмцэх сүржин үгтэй. Хэнийг ч толгойг илэхгүй, хэнбугай ч байсан өмгөөлж хамгаалахгүй хэмээн сүржигнэдэг. Түүнийг ингэж үгээр сүржигнэж байх хооронд авлигачид нь “арын хаалга”-аар ялаас мултарч байна. Авлига авснаа хүлээн зөвшөөрөөд ялаас мултарна гэдэг Монголын төрийг, монголчуудыг басамжилсан доог тохуу биш үү!
Үнэхээр авлигатай тэмцэх гээд байгаа бол эхлээд хуулиа янзал. Авлига авснаа хүлээн зөвшөөрөөд, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлнэ гэж хэнийг өмгөөлж хамгаалсан хууль вэ? Тэгвэл асууя, авлигыг хэн авдаг вэ? Эрх мэдэлтэй төрийн өндөр дээд албан тушаалтнууд. Тэдэнд асуудлыг шийдэх эрх мэдэл бас хэзээ ч ханаж цаддаггүй өлөн зан байгаа учраас авлига авдаг. Энгийн, жирийн иргэн авлига авсан гэж сонсч байсан уу, өнөөдрийн талхны мөнгөө арай ядан залгуулж байгаа тэдэнд хэн авлига өгөхөв дээ.
Тиймээс эрх мэдэлтнүүдийг хэргээс мулталсан хуулиа өөрчлөхөөс авлигатай тэмцэх ажил чинь эхэлнэ, Ерөнхий сайд аа! Энэ хуулийг засаагүй цагт таны авлигатай тэмцэх үг чинь сүржин тунхагаас цааш огт хэтрэхгүй.
Төрийн нэрийн өмнөөс ажиллаж байхдаа авлига авсан хэн бүхэн торгуулаад өнгөрдөг биш заавал ял эдлэх ёстой. Эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж, бусдыг шантаажлан зовоож авлига авсан Д.Хаянхярваа мэтийн авлигачдыг төр яагаад өршөөх ёстой гэж. Монголын төрд ажиллаад тэд хохироогүй, харин ч баяжсан. Зөвхөн шуналаа л захирч чадаагүй, тэрнийхээ горыг амсах л учиртай.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ