Баярын өмнө бүх нийтийг шинжилгээнд хамруулна
2021-12-06

Грек улсад өнөөдөр буюу 12 дугаар сарын зургааны өдрөөс эхлэн зул сарын баярын өмнө олон нийтийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулах ажил эхэлж байна. Тус улсын насанд хүрсэн бүх хүн вакцин тариулсан эсэхээс үл хамааран гэрийн нөхцөлд вирусийг илрүүлэх оношилгооны тестийг үнэ төлбөргүй авах юм байна. 

 

Грекийн Эрүүл мэндийн сайд Танос Плеврис "баярын өдрүүд дөхөж байна, бид хүн амынхаа дунд халдварыг тархаахгүй барих зорилгоор энэ ажлыг хийж байна" хэмээн мэдэгджээ. Түүний онцолсноор шинжилгээг албан журмаар өгөх шаардлагагүй, гэхдээ бүх хүн шинжилгээнд хамрагдах нь чухал гэнэ.

 

Тестийн хариу эерэг гарвал тухайн хүн төрийн цахим системд шинжилгээний хариугаа оруулж, хоёр долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлан, улмаар тусгаарлалтын хугацаа дууссаны дараа дахин коронавирусийн шинжилгээ өгөх аж. Ингэснээр вирус илэрсэн хүмүүсийн тусгаарлалтын хоёр долоо хоногийн хугацаа Зул сарын баяр гэхэд дууссан байхаар тооцоолж байгаа аж. 

 

Түүнчлэн нэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд ч ийнхүү олон нийтийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь баярын өдрүүдэд коронавирусийн тархалт ямар төвшинд байсныг илрүүлэх зорилготой гэнэ. Ингэснээр халдварын тархалтыг хянаж чадна гэж Грекийн эрх баригчид үзэж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин