Монбланаас олдсон эрдэнэсийн талыг уулчин хүртэв
2021-12-06

Одоогоос найман жилийн тэртээ Монблан уулнаас маргад, индранил, бадмаараг чулуутай хайрцаг олсон Францын уулчин энэ үнэт эдлэлийн тал хувийг нь авахаар болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Нэрийг нь нууцалсан уулчин 2013 онд Монблан уулнаас төмөр хайрцаг олжээ. Үнэт чулуу хийсэн хайрцаг дээр "Энэтхэгт үйлдвэрлэв" гэсэн бичиг байсан гэнэ. Тиймээс энэ хайрцаг нь  хагас зууны өмнө Монбланд сүйрсэн Энэтхэгийн онгоцны нэгэн зорчигчийнх байж болзошгүй гэж Францын эрх баригчид таамаглаж байсан гэнэ. 

 

Эрдэнэс олсон уулчин Францын хуулийн дагуу хайрцагтай үнэт чулуугаа цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн бөгөөд энэ хугацаанд үнэт эдлэл эзэмшигчийн төрөл төрөгсөд олдох эсэхийг саяхныг болтол хүлээсэн байна.

 

Гэвч энэ эрдэнэсийн эзэн олдсонгүй, ингээд найман жилийн хугацаа өнгөрмөгц Монблан уул орших Шамони хотын эрх баригчид хуулинд заасны дагуу уулчинтай энэ эрдэнэсийг хуваан авчээ. Ингэснээр нутгийн эрх баригчид болон уулчин тус бүр 150 мянган еврогоор үнэлэгдэх эрдэнэстэй болсон байна. Шамони хотын дарга Эрик Фурнье энэ үйл явдлын талаар Франс-пресс агентлагт ярилцлага өгөхдөө уулчныг хууль ёсоо дээдлэдэг хэмээн магтжээ.

 

Монблан ууланд өнгөрсөн зуунд Энэтхэгийн хоёр онгоц сүйрч байсан гэнэ. 1950 онд болсон сүйрлийн улмаас 48 хүн, 1966 онд болсон сүйрлээр 117 хүн амиа алдсан байна. 1966 онд сүйрсэн онгоц Мумбай хотоос Нью-Йорк чиглэн нисэж явсан бөгөөд энэ онгоцны нэг зорчигч үнэт чулуутай хайрцаг авч явж байсан байж болзошгүй гэж Францын эрх баригчид таамаглаж байгаа аж.

 

Энэ хоёр ослын дараа уулчид олон жилийн туршид Монблан уулнаас зорчигчдын ачааны үлдэгдэл, хүний цогцос олсоор байсан аж. 2012 онд гэхэд л уулын бэлээс Энэтхэгээс илгээсэн дипломат шуудан бүхий уут олдсон байна. Энэ уутан дотор 1966 оны сонин, хуанли, хувийн захидал байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин