Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн ЗУРГААН бодлого
2021-12-06

Дөрвөн жилд нэг удаа болдог  МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэллээ. Тэрбээр

 

...МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхийн дахин хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдож байгааг тодотгов.

 

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав.

 

 

1. Боомтын сэргэлт

 

Бид боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах шаардлага байна. Монгол Улс нийт 42 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг. Агаарын тээврийн 4 боомттой. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь туйлын харамсалтай үзүүлэлт юм.

 

Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулна. Цаашид Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эхэлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, Транзит Монгол Улс болох суурь нөхцөл бүрдэнэ. Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулна. Хилийн боомтуудыг авто замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд хоорондын 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно.

 

Боомтуудын нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай.

 

Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлыг Ази, Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрүүлэх төв болгон өргөжүүлнэ.

 

2. Эрчим хүчний сэргэлт

 

Эрчээ алдсан эрчим хүчний салбар Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлийн нэг боллоо. Бид газрын дээрх бүтээн байгуулалтаа ярьснаас биш, газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэхгүйгээр бүтээн байгуулалт хэрэгжих боломжгүй.

 

1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өнөөдрийн хурдтай өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ 5 байтугай 6 дахь дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. 

Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.

 Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлнэ.

 

Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогыг цаг алдалгүй тодорхойлно. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусган, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая.  

 

Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь чухал байна.

 

3. Аж үйлдвэржилтийн сэргэлт

 

Өнөөдөр манай улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулж чадахгүй, нэмүү өртөг шингээж чадалгүй хямд үнээр  гаргаж байна. Гэтэл дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь аж үйлдвэрийн бодлогоо алдсаны гашуун сургамж юм. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. Ган болон зэсийн боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэрийн суурь юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтанд оруулна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь мөн бидний эдийн засгийн бие даасан байдал, тусгаар тогтнолын нэн чухал зорилт юм.

 

Нефтийн үйлдвэрээ 2025 онд ашиглалтад оруулахын төлөө хамтдаа хичээе.

 

Аж үйлдвэржүүлэх бодлого бол шинжлэх ухаан, технологийн салбарыг бүрэн шинэчлэх зорилт юм. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалаас хоцрохгүй, өндөр технологи, блокчейн, хиймэл оюуны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцүүлэн аж үйлдвэржилтийн бодлогоо шинээр тодорхойлно.

 

 

4. Хот, хөдөөгийн сэргэлт

 

Суусан Улаанбаатараа алхаатай хот болгож, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг шийдвэрлэх нь бидний тулгамдсан асуудал боллоо. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь амьдарч байна.

 

Их дээд сургуулиудын 89 хувь, худалдаа үйлчилгээний 88 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна.

 

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна.  Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот улс болж байна.

 

Сүүлийн 10 жилийн алдагдсан боломжийн нийт өртөг 11.8 их наядаар хэмжигдэж байна.  

 

Өнгөрсөн 30 жилд хуримтлагдан архагшсан өвчнийг өвчин намдаах эмээр аргацаах боломжгүй болсон. Шулуухан хэлэхэд өвчний голомтыг бүрдүүлж буй зарим асуудлыг мэс заслын аргаар багагүй хэмжээний өвдөлт өгч шийдвэрлэхээс өөр гарцгүй. Зарим том асуудлыг шууд ардчиллын хэлбэрээр ард нийттэйгээ хамтран шийдвэрлэх болно.

 

Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлыг эртний нийслэл Хархорин хотыг түшиглэн байгуулах нарийвчилсан судалгааг 2022 онд багтаан эхлүүлцгээе. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн бүс байгуулах асуудлыг энэ хавраас эхлүүлнэ. Нийслэл, орон нутгуудад төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даан хөгжих боломжийг бүрдүүлэн, татварын шаталсан бодлогыг хэрэгжүүлнэ.

 

Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Атрын 4 дүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлцгээе. Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг 3 чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

 

Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Нийслэл Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 километр Их тойруу хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ.

 

5. Ногоон хөгжлийн сэргэлт

 

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Байгалийн  гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдэн, цөлжилт, ган гачиг эрчимжсээр байна. Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань хоёроос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод ургуулах” үндэсний хөдөлгөөн бол цаг үеэ олсон чухал санаачилга юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулж, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд бүх нийтээрээ ногоон хөгжлийн хандлагаа өөрчилж, төрийн тэргүүнээ дэмжиж ажиллацгаая. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих татвар, эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, байгаль орчныг хамгаалах зэрэг ажлыг нэмэх болно.

 

Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ.

 

Цөлжилт, бэлчээрийн доройтол, хүн малын ундны усны нөөц шавхагдсан нь малчдыг хэдэн аймаг дамжсан отрын нүүдэл хийх, нийслэл хот руу шилжин амьдрах нүүдлийн голлох шалтгаануудын нэг болж байна.

 

Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна. Бид өвөг дээдсийн унаган байгалаа хайрлан хамгаалж, харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт ёс заншлыг эдийн засаг, аж үйлдвэрийн их сэргэлтийн эрин үед үргэлжлүүлэн, ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.

 

6. Төрийн бүтээмжийн сэргэлт

 

Миний бие Монгол Улсын хөгжлийг боомилж буй 5 асуудал, түүний шийдлийн тухай товч дурдлаа. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн өнөөдөр хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь ТӨР өөрөө болоод байна. Төр иргэн, аж ахуйн нэгжийн боломжийг хязгаарлагч биш дэмжигч, урамшуулагч байх учиртай.

 

1932 онд Монгол Улсын Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нарын хэрэгжүүлсэн Шинэ эргэлтийн бодлого ч өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж, алдаа дутагдлаа засч, гажуудсан чиг хандлагыг өөрчилж байснаараа түүхэн ач холбогдолтой байсан юм.

 

Энэ цаг үеийн Шинэ сэргэлтийн бодлого ч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, ирээдүйн зорилтоо зөвөөр тодорхойлон, алдаа дутагдлаа цаг алдалгүй засаж, төрийн бүтээмжийг эрс сайжруулахад чиглэнэ.

 

Бидэнд мөнгө шаардахгүйгээр төрийн бүтээмжийг сайжруулах олон боломж байна. Ганцхан жишээ дурдахад, Монгол Улсын бүтээн байгуулалт урин дулаан цагт өрнөдөг онцлогтой. Гэтэл улсын төсөв 11 дүгээр сард батлагдаж, орон нутгийн төсөв хэлэлцэгддэг. 1 дүгээр сараас тендер, сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулах 30-60 хоногийн хугацаа, дараа нь маргаан үүсгэж, бүх шатны шүүхээр шийдвэрлүүлэх гэсээр байтал гэрээ ч байгуулж амжилгүй намартай золгодог.

 

Яагаад бид өвлийн улиралд төрийн худалдан авалтыг зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Үүнийг бид мөнгөгүйгээр өөрсдөө шийдэж болох ажил. 

 

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

 

Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь нэн хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна. Монгол Ардын Нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой.

 

Өнөөдөр намын даргын хувьд Монгол Ардын Намын их хурлаар хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргах үндсэн 4 үндсэн сэдвийн нэг нь намаас томилогдсон гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх тухай юм.

 

Төр хөгжлийг гацаагч, удаашруулагч биш, харин дэмжигч, хурдасгуур байх учиртай.


Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахи нэмэгдэнэ. Экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэнэ. Хөгжлийн мега төслүүд хэрэгжих дэд бүтцийн сууриад тавигдана. Энэ төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр ДНБ буюу эдийн засгийн суурь хэмжээ 2 дахин тэлнэ.

 

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай.

 

Өнөөдөр бид “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх их үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ нөхөр цэцэрхээд ПОПУЛИЗМ ХИЙГЭЭД яриад байх юм.Ард түмний амьдрал алхам алхамаараар мордоод бүр ажилласаар ядууралд ордог жишиг тогтлоо.Хууль зүйн сайдынхаа ажлыг сайдаар нь хийлгээд өөрөө үндсэн ажилдаа ороочээ
2023-02-12
Зочин:
Ёсой цээжний бангаар хуцна гэдэг нь энэ байх даа.
2021-12-07
зочин:
Энэ нөхөр цэцэрхээд ПОПУЛИЗМ ХИЙГЭЭД яриад байх юм.Ард түмний амьдрал алхам алхамаараар мордоод бүр ажилласаар ядууралд ордог жишиг тогтлоо.Хууль зүйн сайдынхаа ажлыг сайдаар нь хийлгээд өөрөө үндсэн ажилдаа ороочээ
Tahin shutegch alia salbadai doldoi troll.
2021-12-06
mgl hyn:
Ene ih byteen baiguulaltand mongol irgen byr neg kompani/ aj ahui yysgej ajil buyu belten niilyylegch eswel tuslah ajil geh metiin tusuld hamruuluulah shaardlagatai. Tegwel MANiig yeiin yed tahin shytey
2021-12-06
Tahin shutegch alia salbadai doldoi troll.
Ээлжит том баалт нь эхэллээ дээ энэ хүүхэд
2021-12-06
Иргэн:
УИХ дээр баахан хэрэгтэй хэрэггүй хууль хэлэлцээд л байх юм хэлэлцээд л байх юм , хэдэн жил хэлэлцэв дээ. Тэгсэн доор наад цаасан дээр бичсэн хийх юмнуудаа хэн хэзээ хийж эхлэх вэ , хөрөнгө мөнгийг нь яаж шийдэхээ хурдан хэлэлцээд эхлүүлээд.
2021-12-06
Үйлдвэр бас дахин үйлдвэр:
Үйлдвэрийн паркууд барьж хямдаар түрээслэмээр байна аа. Энэ тахир дутуу иргэдийг ажлын гутал хувцасны үйлдвэрийн парк бариад тэнд нь амьдрах боломжтой болгоод гаднаас тийм хувцас авахгүй байх ч юм уу. Төмөр, нефтээ өөрсдөө боловсруулбал асар их ажлын байр гарч валют хэмнэх, хотуудын дэргэд нарийн ногооны талбайнууд хүлэмж байгуулах гэх мэт ажлууд мөн гадагшаа гаргах үйлдвэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц хөжгүүлэхдээ өрийн асуудлаа анхаарах хэрэгтэй байх.
2021-12-06
Намын ажил засгийн ажлаас дээгүүр гэдгийн нэг нотолгоо энэ байна даа... Өнөө маргааш хоёр Засаг ч тэр, УИХ ч тэр ажилгүй гацсан өдрүүд байх уу?
2021-12-06