Өвөр Монгол дахь COVID-19 дэгдэлтэд буруутган албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна
2021-12-06

Ням гарагт Хятадад коронавирусийн халдварын дотоодын тохиолдол 42 бүртгэгджээ. Хятадад удаан хугацаанд дотоодын халдвар илрээгүй байсан ч 10 дугаар сарын дунд үеэс эхлэн тус улсын хойд нутгаар буюу Өвөр Монголын аймгуудад халдвар тархаж эхэлсэн юм. Шинэ дэгдэлт нь хил орчмын бүс нутагтай холбоотой байна гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан бөгөөд хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын сүүлээр Орос, Монголтой хил залгаа Өвөр Монголын Манжуур хотод дотоодын халдварын тохиолдол бүртгэгдсэн. 

 

Энэ хотод бямба гарагийн 14.00 цагийн байдлаар, нийт халдварын тохиолдол 314-т хүрчээ. Улмаар халдварын тархалтыг тогтоон барьж чадаагүй гэж буруутган хотын дөрвөн албан тушаалтныг шийтгэсэн байна. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлжээ. Өмнө нь Эзнээ хошуу, Шилийн гол аймгуудад 10 дугаар сард халдвар дэгдэхэд албан тушаалтнуудыг буруутган ажлаас нь халж байсан юм. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Манжуур хотод дэгдэж буй халдвар нь дельта штаммаар үүсгэгдсэн бөгөөд халдварын тархалтыг хянах үүднээс энэ хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын долоо дахь шатыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлжээ. 

 

Нэг ч халдваргүй байх Хятадын бодлого 

 

Тун удахгүй Өвлийн олимпыг зохион байгуулах Хятадын эрх баригчид нутаг дэвсгэр дээрээ "нэг ч халдваргүй байх" бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Тиймдээ ч бусад орнуудтай харьцуулахад асар олон хүн амтай ч өдөрт хэдхэн тохиолдол илрэхэд л Хятадын эрх баригчид хөл хорио тавих, хөдөлгөөнийг хязгаарлах, бүх нийтийг шинжилгээнд албан журмаар хамруулах, албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэргээр хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.

 

Халдвартай тэмцэхэд дархлаажуулалт нэн чухал гэж үзэж байгаа тул нэмэлт тунд хамрагдах ажлыг эрчимжүүлж байгаа юм. Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины гурав дахь тунг тариулахдаа өмнөхөөс өөр вакцин тариулвал үр дүн өндөртэй, түүнчлэн гурав дахь тун нь халдвараас сэргийлэхэд үр ашигтай гэж үзэж байна.

 

Энэ улсад одоогоор 96,3 сая хүн гурав дахь тун вакцинаа тариулжээ. Хятадын 1,4 тэрбум хүний 79 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан бөгөөд энэ улсад нийтдээ 2,5 тун вакцин тарьсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
2,5 tun gedeg chini yu gesen ug ve? ondoroor hiigeed bgaa ymuu bagaar huugeed bgaa ymuu
2021-12-06