Венесуэлд босогчдын тэргүүнийг хөнөөжээ
2021-12-06

Венесуэлд "Хоёрдугаар Маркетали" зэвсэгт босогчдын байгууллагын тэргүүн, "Эль-Пайса" хочит Эрнан Дарио Веласкесийг хөнөөжээ. Энэ талаар Венесуэлийн тагнуул, Колумбийн засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Tiempo сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, Эль-Пайса Колумбийн хилийн орчимд болсон буудалцааны үеэр амиа алджээ. Энэ үеэр өөр хүн амиа алдсан эсвэл шархадсан талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Хар тамхины хууль бус худалдаатай холбоотойгоор Колумби, Венесуэлд "Хоёрдугаар Маркетали"-тай газар нутгийн дайн өрнүүлдэг Колумбийн "Хувьсгалт зэвсэгт хүчний 10 дугаар фронт"-ын гишүүд дайрсан байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн Колумбийн засгийн газар энэ буудалцаантай холбоотой байхыг үгүйсгээгүй байна. Колумби болон Венесуэлийн албаны эх сурвалжууд Эль-Пайсаг амиа алдсан талаарх мэдээллийг батлаагүй аж. 

 

Эль-Пайса буюу Эрнан Дарио Веласкес 1980-аад онд Пабло Эскобарын хөлснийхнөөс суралцаж, Ямайкад шоронд сууж, шоронгоос суллагдсаныхаа дараа Колумбийн Хувьсгалт зэвсэгт хүчинд нэгдэн, хар тамхи, хүн барьцаалах хэрэгт оролцон явж байжээ. 2019 онд тэрбээр босогчдын бусад тэргүүнүүдийн хамтаар "Хоёрдугаар Маркетали"-г байгуулсан талаараа зарласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин