Эрдэмтэд: Халдвар аваад эдгэрсэн хүний дархлаа омикроныг эсэргүүцэж чадахгүй
2021-12-06

Коронавирусийн халдварын шинэ хувилбар болох омикрон нь вирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд үүссэн дархлааг даван гарах чадвартай гэнэ. Үүнийг Канад болон шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкийн эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтдийн хийсэн судалгааны материал medRxiv анагаахын сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Эрдэмтэд судалгааныхаа явцад ӨАБНУ-д халдвар авсан хүмүүсийн анхдагч болон давтан шинжилгээний үр дүнг судалж, дараа нь тэдгээрийг хооронд нь харьцуулаад, нэг хүн хэдэнтээ халдвар авсан тохиолдлуудыг илрүүлжээ. Судалгаанд мэдээллийг нь ашигласан хүмүүс дундаас 35 мянга гаруй нь дахин халдвар авч байсан бол 332 хүн гурван удаа, нэг хүн дөрвөн удаа коронавирусийн халдвар авсан гэнэ. Эрдэмтэд судалгаандаа 2020 оны гуравдугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын сүүл хүртэлх хугацааны мэдээллүүдийг ашигласан байна.

 

Урьдчилсан дүнгээр, ӨАБНУ-д халдварын дэгдэлтийн хоёр болон гуравдугаар давлагааны үеэр "бета" болон дельта штамм өмнө нь коронавирусийн халдвар аваагүй хүмүүст илүүтэй халдварлаж байсны дээр давтан халдвар авах магадлал бага байсан гэнэ. Харин омикрон штамм үүссэнээр нөхцөл байдал өөрчлөгдөж, 11 дүгээр сард энэ хувилбар вирусийн бусад штаммуудыг шахсан (нийт халдварын 74 хувь нь омикрон штаммаар үүсгэгдсэн) бол анх удаа халдвар авах тохиолдол буурсан байна. Харин өмнө нь халдвар авсан хүн омикрон штаммын халдвар авах магадлал гурав дахин өсчээ.

 

"Судалгаанаас харахад, омикрон штамм халдвар аваад эдгэрсэн хүмүүст үүссэн дархлааг даван гарч чадаж байна" хэмээн эрдэмтэд төгсгөлд нь дүгнэсэн байна.

 

Ийнхүү дархлааг эсэргүүцэж байгаа нь омикрон штамм маш олон мутацитай байдгаас үүдэлтэй байж болзошгүй гэнэ. Мөн энэ үр дүн одоогоор урьдчилсан байдлаар гарсан бөгөөд судалгааны ажил үргэлжилж байгаа хэмээн эрдэмтэд цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сард анх Өмнөд Африкт илэрсэн омикрон штамм өдгөө дэлхийн 40 орчим орны нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Гэхдээ омикрон штаммын халдвар аваад хүндэрсэн тохиолдол бүртгэгдээгүй, өвчний шинж тэмдэг хөнгөн байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин