БНХАУ: Америкийн төлөөлөгчид оролцох эсэх нь Олимпын амжилтад нөлөөлөхгүй
2021-12-07

Ирэх оны хоёрдугаар сард Хятадад болох Өвлийн олимпыг АНУ дипломат байдлаар бойкотлохоор шийдсэн талаарх мэдээлэл 12 дугаар сарын зургааны өдөр гарч байлаа. Харин энэ шийдвэрийг "улс төрийн манипуляци" гэж Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам мэдэгджээ. ЭСЯ-ын төлөөлөгч Ли Пэнъюйгийн мэдэгдсэнээр дипломат бойкот хийхээр шийдсэн нь Олимпын хартыг ноцтойгоор гажуудуулж байгаа хэрэг гэнэ. 

 

Энэ бойкот нь оргүй хоосноос үүдэлтэй, учир нь Америкийн улс төрчдөд Олимпод оролцох урилга ч өгөөгүй байгаа гэж Хятадын Элчин сайдын яам мэдэгдсэн байна. "Энэ хүмүүс ирэх эсэх нь үнэндээ хэний ч санааг зовоохгүй, энэ нь Бээжин хотноо 2022 оны Өвлийн олимпын наадмыг амжилттай зохионт байгуулахад огт нөлөөлөхгүй" гэж Ли Пэнъюй мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.

 

АНУ-ын дипломат бойкот 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа  Бээжингийн олимпын наадамд дипломат бойкот зарлаж байгаагаа энэ долоо хоногт зарлаж болзошгүй гэсэн мэдээллийг Америкийн CNN агентлаг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр 12 дугаар сарын зургааны өдөр дамжуулж байв. 

 

Энэ мэдээлэл гарсны дараа, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки АНУ-ын бойкотын талаар албан ёсоор зарласан юм. Ингэснээр Америкийн тамирчид Өвлийн олимпын наадамд оролцох хэдий ч албаны төлөөлөгчид арга хэмжээнд оролцохгүй аж. 


"Ерөнхийлөгч Байдены захиргаа Бээжинд болох Өвлийн олимп болон паралимпийн наадамд дипломатууд болон бусад төлөөлөгчдөө илгээхгүй. Шалтгаан нь Шинжаанд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа болон хүний эрхийн бусад зөрчил гарсаар байгаатай холбоотой"  гэж Псаки онцолсон байна.

 

Хятадад болох өвлийн олимпыг эсэргүүцэхтэй холбоотой сэдвээр сэтгүүлчид өмнө нь Байденаас удаа дараа асууж байсан ч Байден тухай бүрт хариулахаас зайслхийж байв.Харин энэ оны тавдугаар сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Олимпын наадмыг дипломатаар бойкотлохыг олон улсад хандан уриалж байлаа. Дэлхийн тэргүүлэгч орны удирдлагууд энэ наадамд оролцохоос татгалзах ёстой гэж Пелоси мэдэгдэж байв. 

 

Ийнхүү дэлхийн улс орнуудад хандан Олимпыг бойкотлохыг уриалах болсон нь Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд үндэсний цөөнхийг хавчин, хэлмэгдүүлдэг, эрхийг нь боомилдог асуудлаас үүдэлтэй юм. Харин БНХАУ барууны орнууд ийнхүү буруутгаж байгааг эрс няцаадаг. 

 

Бойкотын шалтгаан болсон Шинжаан 

Хятадын эрх баригчид үндэсний цөөнхүүдийг хавчин гадуурхдаг, тэр дундаа мусульман шашин уйгурчууд амьдардаг Шинжаан-Уйгурын өөртөө засах орны оршин суугчдыг албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэсэн мэдээлэл удаа дараа гарч, үүнтэй холбоотойгоор барууны орнууд Хятадын тодорхой компани, албан тушаалтнуудын эсрэг хориг тавьж байлаа. 

 

Тодруулбал, энэ оны эхээр гаргасан НҮБ-ын тайлан болон сэтгүүлчдийн мэдээлснээр, Шинжаанд угсаатны болон шашны цөөнхүүдийг "дахин хүмүүжүүлэх лагерь"-ийн сүлжээ байдаг гэнэ. Хятад улс "мэргэжлийн сургалтын төв" гэж нэрлэдэг энэ газраар 7.7 сая уйгур, угсаатны цөөнхүүд дамжжээ.

 

Энэ лагериуд Хятадын хямд ажиллах хүчний нийлүүлэгч болдог талаар олон улсын байгууллагууд мэдээлдэг. Гуравдугаар сард Австралийн Стратегийн бодлогын хүрээлэнгийн гаргасан илтгэлд Хятадын эрх баригчид "дахин хүмүүжүүлэх лагерийг "төгсөгчдийг" бусад муж дахь үйлдвэрүүд рүү илгээдэг" хэмээн онцолсон байжээ. 2017-2019 оны хооронд Шинжаанаас 80 мянга орчим уйгур хүнийг Хятадын 27 үйлдвэр рүү албадан хөдөлмөр эрхлүүлэхээр 10 муж руу шилжүүлсэн гэнэ.

 

Энэ мэдээлэл гарсны дараа Шинжаан-Уйгурын үйлдвэрлэл-барилгын корпусын дөрвөн албан тушаалтныг "уйгуруудын эрхийг зөрчсөн"-д холбоотой гэж үзэн Европын холбоо 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хориг арга хэмжээ авч, улмаар үүнийг АНУ болон Канад дэмжсэн юм. Уйгурууд болон бусад угсаатны цөөнхүүдийн эрхийг зөрчсөний улмаас Шинжаанаас хөвөн болон хөвөн эдлэл импортлохыг АНУ энэ оны нэгдүгээр сард  хориглож байв. 

 

Хэдийгээр олон улсын байгууллагууд Хятадын эрх баригчид угсаатны болон шашны цөөнхүүдийг хавчиж, тэдниг уусгах бодлого баримтлан хүний эрхийг ноцтой зөрчдөг гэж буруутгадаг ч БНХАУ үүнийг байнга няцаадаг юм.

 

Улмаар хүний эрхийн байгууллагуудын мэдээлэл гарч, барууны орнууд Хятадын зарим албан тушаалтнуудын эсирэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсний дараа дэлхийн томоохон брэндүүд, тэр дундаа H&M, Nike компани "Хөвөн үйлдвэрлэхдээ уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн байж болзошгүй" хэмээн үзэж, Шинжаанаас хөвөн авахаас татгалзаж байв. Гэвч энэ нь эргээд хятадуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. 

 

2021 оны гуравдугаар сард Хятадын томоохон онлайн дэлгүүрүүдээс H&M, Nike брэндүүдийн бүх бүтээгдэхүүнийг хассан бол хятадууд өөрсдөө "Би Шинжааны хөвөнг дэмжиж байна" гэсэн хэштегтэй пост олон нийтийн сүлжээгээр оруулан, дээрх олон улсын брэндүүдийг эсэргүүцэхийг уриалж байлаа. Мөн эсэргүүцэлд олны танил зарим хүмүүс нэгдэн, компаниудтай байгуулсан гэрээгээ ч цуцалж байсан юм. 

 

H&M, Nike брэндүүдийн араас  Converse брэнд болон Tommy Hilfiger, Calvin Klein,  Burberry, New Balance,  Adidas зэрэг брэндүүд Шинжааны хөвөн татгалзсаны хариуд барьсан хятадуудын бойкоттой нүүр тулж, асар том зах зээл дээр шахалтанд орсноор благагүй алдагдал хүлээж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин