Орост омикрон штаммын халдвар илэрчээ
2021-12-07

Өмнөд Африкт анхлан илэрч, улмаар дэлхийн 40 орчим оронд бүртгэгдсэн коронавирусийн шинэ штамм болох омикрон хувилбар ОХУ-д бүртгэгдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын дөрөвний баасан гарагт Москва хотын Домодедово нисэх буудалд ӨАБНУ болон Намибиас Оросын 170 иргэнийг тээвэрлэсэн онгоц газарджээ. Омикрон штаммын дэгдэлтээс үүдэлтэйгээр ОХУ Өмнөд Африкийн улс орнуудтай агаарын харилцаагаа зогсоогоод байсан юм. Тиймээс тусгай нислэгээр авчирсан Оросоын иргэдийг хоёр долоо хоногийн туршид тусгаарласан байна.

 

Тусгаарлалтын байранд байх үед гурван зорчигчид ханиалгах, халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрчээ. Тэднээс 10 хүний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд үүнээс хоёр нь омикрон штаммаар үүсгэгдсэн гэдэг нь тогтоогдсон байна. 

 

Омикрон асар хурдан халдварлах чадвартай

 

Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн омикрон штамм нь дельта хувилбараас илүү хурдтай халдварлах чадвартай гэж эрдэмтэд үзэж байгаа. Одоогоор дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн энэ төрлийн халдварууд нь зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа юм. Энэ штамм нь халдварлах чадвар өндөр, дархлааг эсэргүүцэх чадвартай, ингэснээр вакцины үр ашгийг бууруулах магадлалтай гэж үзэж байна.

 

Халдварлах чадвар өндөртэй гэдгийг батлах тохиолдлууд ар араасаа гарсаар байгаа юм. Тухайлбал, Норвегийн нийслэл Осло хотод Scatec компани байгууллагын үдэшлэг зохион байгуулж, үүнд 120 хүн оролцож,  100 гаруй хүн халдвар авсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд энэ компанийнхантай нэг танхимд, доод давхарт нь үйлчлүүлж байсан хүмүүс ч багтжээ. Халдвар авсан хүмүүсийн 13-т нь омикрон штамм илэрсэн байна. Компанийн үдэшлэгт оролцсон хүмүүсийн дунд ӨАБНУ-аас ирсэн хүмүүс ч байжээ. 

 

Дани, Виборгт ахлах ангийнхны үдэшлэгийн дараа 53 хүн шинэ штаммын халдвар авчээ. Ингэснээр энэ улсад омикрон штаммын халдварын тоо 183 болсон байна.

 

АНУ-ын 10 гаруй мужид омикрон штаммын халдвар илэрсэн бөгөөд мөн л олон нийтийн арга хэмжээнд оролцсон хүмүүс халдвар тархаагч болсон байна. Харин Их Британид гурав хоног тутамд омикрон штаммын халдварын тоо хоёр дахин нэмэгдэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин