ОХУ: Ядуу хүмүүсийн тоог 2.8 саяар бууруулав
2021-12-07

Өнгөрсөн сарын сүүлээр Оросын Засгийн газрын нэвтрүүлсэн шинэ аргачлалын дагуу Росстат (shuud.mn: ОХУ-ын Улсын статистикийн холбооны алба) тус улсын ядуу хүмүүсийг дахин тоолжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Ийнхүү шинэ аргачлалаар ядуусыг тоолоход ядуурлын босгоос доогуур оросуудын тоо 2021 оны гуравдугаар улиралд 2,8 саяар буурч, одоо энэ улсад 17,6 сая ядуу хүн амьдарч байгаа гэсэн дүн гарчээ. 

 

ОХУ-ын Сайд нарын танхим Орост ядуурлыг тодорхойлох шинэ журмыг 11 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулсан байна. Хөдөлмөрийн яамны тайлбарласнаар, амжиргааны доод төвшний оронд "ядуурлын босго" хэмээх нэртэй шинэ үзүүлэлтийг ашиглахаар болжээ.

 

Росстат байгууллагын урьдчилсан тооллогоор энэ оны есөн сарын дүнгээр Оросын хүн амын 12,1 хувь нь ядуурлын босгыг давсан /17,6 сая хүн/ бол ядуу хүмүүсийн тоо улирлаас улиралд аажмаар багассан байна. Энэ оны эхний улиралд 20,8 сая хүн ядуу /14,2 хувь/ байсан бол гуравдугаар улиралд 16 сая /11 хувь/ болсон гэж Росстат мэдээлжээ.

 

Росстатын үнэлснээр, ядуурлын босгын төвшин эхний улиралд 11581  рубль (shuud.mn: монгол мөнгөөр 410 134 төгрөг), хоёрдугаар улиралд 11813 рубль, гураьдугаар улиралд 11970 рубль байсан гэнэ.

 

Ядуурлыг тооцоолох шинэ системийн тооцооллын цэг болгон 2020 оны дөрөвдүгээр улирлын амжиргааны доод төвшнийг сонгожээ. Энэ улирал нь хэрэглээний сагсын өртөг дээр суурилсан, хуучин аргачлалаар тооцож байсан сүүлчийн улирал юм. Энэ үзүүлэлтийг инфляцийн төвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх аж.

 

Амжиргааны доод төвшин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцох шинэ аргачлалыг 2021 оны эхнээс эхлэн ашиглаж байгаа юм. Энэ аргачлалын дагуу хүнсний сагс биш харин дундаж медиан орлого болон медиан цалинг суурь болгон авч үзэх аж.

 

Медиан цалин гэдэг нь  ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин бөгөөд тухайн улсын орлогын дундаж үзүүлэлт юм.

 

Энэ шинэ аргачлалыг Оросын Хараат бус үйлдвэрчний холбоо эсэргүүцсэн байна. Үйлдвэрчний холбооны орлогч дарга Нина Кузьмина сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ сайд нарын танхим төслөө үйлдвэрчний эвлэлүүдтэй зөвлөлдөн гаргаагүй хэмээн шүүмжилсэн байна. Мөн шинэ аргачлал нь орлого нь ядуурлын босгоос өндөр хэдий ч амжиргааны доод төвшнөөс бага байх оросуудыг ямар бүлэгт хамааруулахыг тодорхой заагаагүй хэмээн шүүмжилжээ.

 

"Энэ ядуурлын босгыг хүн амын хэдэн хувь нь ядуу байгааг хэлэхэд л ашиглана. Ингээд энэ үзүүлэлтийнхээ хүрээнд л ядууралтай тэмцэнэ. Гэтэл ядууд тооцогдохгүй байгаа хэрнээ төрөөс халамж тэтгэмж авах хүмүүсийг юу гэж нэрлэх болж байна?" хэмээн Кузьмина ВВС агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

 

Харин Оросын Хөдөлмөрийн яам шинэ "ядуурлын босго" нь нийгмийн халамжийн арга хэмжээг тогтооход нөлөөлөхгүй, учир нь энэ тэтгэмжийг олгоход урьдын адил амжиргааны доод төвшнийг ашиглана гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иш муу ах нар минь:
Хэдэн хуушуур явуулах юмсан, ха ха
2021-12-07
Дайнч оросын тоо худлаа , Бусдын газар нутгийг эзлээд, бас илүү Хараад бгаа улс улам л ядуурсан бх
2021-12-07
өө амар айн тоолох аргачлалыг нь өөрчлөөд л ядуурал буурчихна орос хулгайчуудаас суралцамаар юм бна
2021-12-07