Нью-Йоркт албан журмаар вакцинд хамруулна
2021-12-07

АНУ коронавирусийн халдвар, түүнээс үүдэлтэй нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа. Тиймдээ ч дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүднээс холбооны төсвийн байгууллагуудын ажилтнуудыг албан журмаар вакцинд хамруулах шийдвэр гаргаж байсан юм. Харин энэ удаад хувийн байгууллагынхныг албадан вакцинд хамруулахаар болжээ. 

 

Тодруулбал, энэ сард Нью-Йорк даяар хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудыг албан журмаар вакцинд хамруулах шийдвэр хэрэгжиж эхэлнэ гэж тус хотын дарга Билл де Блазио мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, "Нью-Йоркт хүрэх түлхүүр" нэртэй хотын дархлаажуулалтын хөтөлбөрийг өргөжүүлэх ажил 184 мянган байгууллагыг хамрах гэнэ.

 

Хотын даргын өгүүлснээр, энэ шийдвэр 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд өвлийн улиралд өвчлөл нэмэгдэх, мөн омикрон штамм дэгдэж байгаа үед энэ нь нэн чухал гэж Де Блазио онцолжээ. Түүнчлэн сургуулиас гадуурх арга хэмжээнд оролцохын тулд 5-11 насны хүүхдүүд вакцинд хамрагдсан байх ёстой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин