"Листвяжная" уурхайгаас дахин 13 цогцос олджээ
2021-12-07

Оросын Кузбассын "Листвяжная" уурхайгаас дахин 13 цогцос олджээ. Энэ талаар шуурхай албаны төлөөлөгчөөс авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

"Осол гарсан хэсэгт 83 уулын аврагч ажилласан. Тэд өмнө нь эрлийн ажил хийгдээгүй 1,7 километр гаруй хэсэгт эрэн хайх ажил явууллаа. Энэ үеэр 13 цогцос олдсон  хэмээн шуурхай албаны төлөөлөгч мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, 11 дүгээр сарын 25-ны өдөр Кемерово мужийн Белово үйлдвэрт утаа гарсан бөгөөд энэ үеэр Листвяжная уурхайн гүнд 285 хүн газар дор байснаас ихэнх нь гадагш гарч чадсан байна. Уурхайн гүнд үлдсэн хүмүүсийг уулын аврагчид аврахаар гүн рүү орсон ч дэлбэрэх аюултайн улмаас тэднийг эргүүлэн гаргаж байлаа. 

 

Ослын шалтгааныг метаны дэлбэрэлт гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан юм. Энэ ослын улмаас 46 уурхайчин, онцгой байдлын албаны таван ажилтан гээд нийт 51 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдсан. Энэхүү эмгэнэлт хэргийн улмаас Кемерово мужид гурав хоногийн гашуудлын өдөр зарлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин