Нийслэлийн 266 цэцэрлэгийн 3399 ажилчин ажлын байрандаа санаа зовж байна
2021-12-07

Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос өнөөдөр /2021.12.07/ hэвлэлийн хурал хийлээ. Тэд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжих төрийн үйлчилгээний 1-3 зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

 

 

СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг “Улаанбаатар хотод л гэхэд 266 цэцэрлэгийн 3399 ажилчид ажлын байрандаа санаа зовнин сэтгэлийн дарамттай стресстэй ажиллаж байна. Энэ  ажилчдын ихэнх нь 40-өөс дээш настай, үндсэн цалин нь 470.000- 550.000 төгрөг байдаг. Тэд бага орлоготой цалин нь амьдралын баталгаа, нийгмийн асуудлаа шийдэхэд хүрэлцэхгүй байна. Гэсэн ч ажилласаар байгаа нь баталгаатай ажлын байртай, тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаарч 2.000.000- 20.000.000 төгрөгийн тэтгэмж авна гэсэн итгэлээр ажиллаж байгаа.

 

Энэ тэтгэмжийг авахын тулд олон жил хамтын гэрээ хэлэлцээрт тусгуулж шаардлага тавьснаар 2019 оноос эхлэн тэтгэмж олгох засгийн газрын тогтоол гарч ажилчид төр засагтаа талархаж баяртайгаар хүлээн аваад байгууллагынхаа төлөө бүх хүчээрээ ажиллаж ирсэн. Өнөөдөр Засгийн Газар, Улсын Их Хурал холбогдох газрууд шийдвэр гаргахдаа ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага болох ҮЭ болон өөрийнхөө ажлыг чөлөөтэй сонгох эрх бүхий ажилчдын саналыг сонсохгүй, ажилчдын ажил олгогчийг нь цаанаас томилж хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна.

 

Иймээс Засгийн газар, УИХ-ын гишүүдэд гаргах шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж ажилчдыг, ард түмнээ төрдөө итгэх итгэлтэй байж өөрсдийнхөө хүлээсэн үүргээ эрхийнхээ хүрээнд явуулахыг шаардаж байна. Дээрх асуудлыг ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа 12-р сарын 14-ний дотор хэвлэл мэдээллээр болон холбогдох албан тушаалтан ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж мэдээлэл өгөхийг шаардаж байна” гэв.

Shuud.mn
Сонин хачин