Байден: ОХУ Украин руу халдвал АНУ холбоотнуудын хамт шийдэмгий алхам хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим уулзалт хийж, хоёр цаг орчмын хугацаанд ярилцжээ. Тэдний ярианы гол сэдэв нь Украины хилийн орчимд Оросын цэргүүд байрласан, Барууны орнууд Орос Украин руу халдаж болзошгүйд санаа зовниж байгаатай холбоотой байв. Уулзалтын талаарх талуудын мэдээллийг товчлон хүргэж байна.
Цагаан ордны мэдэгдэл
Хоёр орны төрийн тэргүүн ярилцах үеэр Украины хилийн орчимд Оросын цэргүүд олноор байрласантай холбоотой нөхцөл байдалд АНУ санаа зовниж байгааг Байден илэрхийлсэн гэж Цагаан ордон мэдэгджээ.
"Украиныг тойрон Орос улс цэргүүдээ байршуулсантай холбоотойгоор АНУ болон Европын холбоотнууд санаа зовниж байгааг Байден илэрхийлээд АНУ болон манай холбоотнууд нөхцөл байдал хурцадвал эдийн засгийн болоод бусад шийдэмгий арга хэмжээгээр хариу барина гэдгийг цохон тэмдэглэсэн" хэмээн уулзалтын дүнгээр гаргасан Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.
Байден уулзалтын үеэр Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, "нөхцөл байдлыг намжаан, дипломат аргаар асуудлыг шийдэх"-ийг уриалсан байна.
Түүнчлэн энэ уулзалтын үеэр цахим аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдал, түүнчлэн Ирантай харилцах зэрэг бүс нутгийн асуудлуудаар ОХУ, АНУ хамтран ажиллах талаар Путин, Байден нар санал солилцжээ.
Кремль хэрхэн мэдээлэв
Кремлийн мэдэгдэлд, Путин, Байден нарын хэлэлцээ нээлттэй, ажил хэрэгч болж өнгөрсөн гэж онцолжээ. Уулзалтын гол сэдэв нь "2015 оны Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тал дээр ахиц гарахгүй байгаа, Украины дотоод хямралтай холбоотой асуудал" байсан гэж Кремлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
"Минскийн хэлэлцээр, тохиролцоог алдагдуулахад чиглэгдсэн бодлогыг Киев баримталж байгааг Оросын Ерөнхийлөгч тодорхой жишээн татан мэдэгдээд, Донбассын эсрэг Киев өдөөн хатгасан үйлдэл гаргаж байгаад нэн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн" гэж Кремлийн мэдэгдэлд өгүүлжээ.
Уулзалтын үеэр Украинтай залгаа хил дээр нөхцөл байдал хурцадвал АНУ хориг арга хэмжээ авах талаар Байден сануулсан гэдгийг Оросын тал ч баталсан байна.
"Украины хилийн орчимд Оросын цэргүүд төвлөрч байгааг онцолж, цаашид нөхцөл байдал хурцадвал АНУ болон түүний холбоотнууд хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгийг Жозеф Байден илэрхийлсэн" хэмээн Кремль мэдэгджээ.
Үүний хариуд Путин НАТО Украины нутаг дэвсгэрийг эзэмших аюултай оролдлогууд хийж байгаагийн дээр Оросын хилийн орчимд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна хэмээн мэдэгдсэн байна.
"Тиймээс Орос улс дорнод чиглэлд НАТО хүчээ зузаатгахгүй байх, Оростой хил залгаа улс орнуудад цохилтот, дайралтын систем байршуулахгүй гэсэн найдвартай, хууль ёсоор баталгаажсан баталгаа авах сонирхолтой" хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Украины хил орчим дахь Оросын цэргүүд буюу ОХУ Украин руу дайрахаар бэлдэж байгаа юу
ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд ийнхүү цахимаар уулзсан нь энэ хоёр орны хоёр дахь дээд хэмжээний уулзалт байлаа. Өмнө нь долдугаар сард талууд биечлэн уулзаж байсан юм.
Уулзалт болохоос өмнө Цагаан ордон мэдэгдэл гаргахдаа, энэ удаад Байден, Путин нарын хэлэлцэх гол асуудлуудын нэг нь Украин руу Орос дайрч болзошгүй гэсэн сэдэв байна хэмээн онцолж байв. "Украинтай залгаа хил дээр Оросын цэргийн ажиллагаа идэвхжиж байгаад АНУ санаа зовниж байгааг" Байден Путинд илэрхийлэх төлөвлөгөөтэй байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки бямба гарагт мэдэгдэж байлаа.
ОХУ Украин руу халдахаар төлөвлөж байгаа талаарх мэдээлэл Америкийн хэвлэлүүдээр өнгөрсөн 10 дугаар сараас л гарч эхэлсэн бөгөөд тухайн үед энэ мэдээллийг Америкийн тагнуулын газраас авсан эх сурвалжаас иш татсан хэмээн онцолж байв. Украины баталж байгаагаар, Орос улс хил дээр 94 мянга орчим цэргийн алба хаагч байршуулж, хил рүү хуягт танк, радиоэлектроны системүүдийг татсан гэнэ.
Харин Оросын тал Украин руу дайрахаар бэлдэж байгаа гэсэн энэ мэдээллийг няцааж, цэргийн сургуулилалт хийж байгааг удаа дараа онцолж байсан юм.
"Бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ цэргээ хөдөлгөх эрхтэй, гэхдээ ямар ч хурцадмал байдал үүсгэх зорилгогүй" хэмээн өнгөрсөн баасан гарагт, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушков мэдэгдэж байлаа.
Түүнчлэн Украин нөхцөл байдлыг хурцатгах зорилгоор цэргүүдээ хөдөлгөж байгаа гэж ОХУ мэдэгдэж байв. ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдсэнээр Украин улс Оростой залгаа хил рүүгээ 125 мянган цэрэг илгээжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ