Дэлхийн нүүрсний үнэ хоёр сарын дотор хоёр дахин буурав
2021-12-08

Хятадын эрчим хүчний хямралаас үүдэлтэйгээр үнэ нь эрс өсөж байсан нүүрсний үнэ сүүлийн хоёр сард тасралтгүй буурсаар байна. 

 

Эрчим хүчний нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 12 дугаар сарын долооны өдөр тонн нь 125-150 ам.долларт хүрчээ. Хоёр сарын өмнө, энэ нүүрсний үнэ оргилдоо хүрч, 270 ам.долларт хүрч байсан юм. 

 

Platts агентлагийн мэдээлснээр, Нидерландын Роттердам боомт дээр нүүрсний үнэ сарын дотор 33 хувиар унасан байна. Өнгөрсөн сарын нэгний өдөр 6000ккал илчлэгтэй нүүрс нэг тонн нь 186 ам.доллар байсан бол 12 дугаар сарын гурван гэхэд энэ үнэ 124,5 ам.доллар болон буурсан байна. 

 

Европт 10 дугаар сарын дундуур нүүрсний үнэ тонн тутамдаа 210 доллар болж буурсан юм. Ийнхүү үнэ савлаж байгаа нь Хятадын зах зээл дээрх сөрөг үзэгдлүүд, тэр дундаа Хятадын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны нүүрсний дотоодын үнийг бууруулах тухай шаардлагатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Европын холбоонд цахилгаан эрчим хүчний өртөг өндөр байгаа нь ч нүүрсний үнийн хэлбэлзэлд нөлөөлсөн гэж онцолжээ. 

 

Эргэн сануулахад, Хятадын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо 10 дугаар сарын 16-ны өдөр дотоодын нүүрс үйлдвэрлэгч, худалдаачдыг халаалтын улирал дуусах хүртэл нүүрсний үнийг бууруулахыг уриалсан юм. Энэ уриалгыг зайлшгүй дагах албагүй ч уриалгад нэгдээгүй компаниуд төмөр зам ашиглах тал дээр хязгаарлалттай нүүр тулж болзошгүй гэдгийг Хятадын эрх баригчид сануулж байв.

 

Үүгээр ч зогсохгүй, нүүрсний хэт халсан үнийг эргүүлэн буулгахын тулд бүхий л арга хэмжээг авч, "уриалга, зөвлөмж нь хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавихын тулд цагдаагийн хүчийг ч ашиглахад бэлэн" гэдгээ илэрхийлсэн байна. 

 

Энэ нь нүүрсний үнэ эрс унахад нөлөөлж, Жэнжоугийн бирж дээр арилжаалагддаг эрчим хүчний нүүрсний гэрээнүүдийн үнэ найман хувиар буурсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нүүрснээс татгалзая.
2021-12-08