Дурсгалт барилгын сэргээн засварлалтын талаарх хэлэлцүүлэг болж байна
2021-12-08

 

Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт хэлэлцүүлэг Чингис хааны музейд болж байна.

 

Тус хэлэлцүүлэгт Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох төлөөлөл, дурсгалт барилгатай музей болон сүм хийдийн төлөөлөл, Соёлын өвийн үндэсний төвийн захирал болон Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, Монгол Улсын зөвлөх архитектор, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, Японы Соёлын өвийн хамтын ажиллагааны консорциумын гишүүн,  Соёлын өвийн сэргээн засварлагч, консерватор, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн төлөөлөл болон тус чиглэлийн эрдэмтэн судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, дараах агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Үүнд:

 

  • Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал

  • Дурсгалт барилгын сэргээн засварлалтын олон улсын зарчим, туршлага

  • Сэргээн засварлалтын судалгааны арга зүй

  • Сэргээн засварлагч, архитектор мэргэжлийн хэрэгцээ шаардлага, үнэ цэнэ

  • Архитектурын дурсгалыг эрсдэл, гамшгаас хамгаалах буюу дижитал сэргээн засварлалт

  • Орон нутгийн дурсгалт барилгын сэргээн засварлалтад тулгамдаж буй асуудал

 

 

Музей нь түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага боловч сэргээн засварлалтын ажил гүйцэтгэхийг хуулиар хориглодог. Учир нь сэргээн засварлалтын ажлыг “Түүх, соёлын өвийг сэргээн засварлах тусгай зөвшөөрөл” бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх эрх зүйн зохицуулалттай.

 

2018 онд “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг сэргээн засварлалтын судалгааны ажлыг эрчимжүүлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, улмаар хэлэлцүүлгээс гарсан үр дүн, зөвлөмжийг олон нийтэд хүргэх зорилгоор зохион байгуулж, илтгэлүүдийг эмхэтгэж, Монгол Улсын зөвлөх архитектор тэргүүтэй эрдэмтэн судлаачдын боловсруулсан зөвлөмжийн хамт эрхлэн хэвлүүлж олон нийтийн хүртээл болгож байсан аж.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин