Д.Отгонсүрэн: Дурсгалт барилгыг сэргээн засварлах хүний нөөц дутмаг байна
2021-12-08

 

Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй сэдэвт хэлэлцүүлэг Чингис хааны музейд болж байна. Тус хэлэлцүүлэгт Соёлын яам, Барилга, Хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд, дурсгалт барилгатай музей болон сүм хийдийн төлөөлөл, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, Монгол Улсын зөвлөх архитектор, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөл, Японы Соёлын өвийн хамтын ажиллагааны консорциумын гишүүн,  Соёлын өвийн сэргээн засварлагч, консерватор, ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн төлөөлөл болон тус чиглэлийн эрдэмтэн судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. "Дурсгалт барилгын сэргээн засварлалтын өнөөгийн байдал ба ирээдүй" сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд

 

 

  • Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал

  • Дурсгалт барилгын сэргээн засварлалтын олон улсын зарчим, туршлага

  • Сэргээн засварлалтын судалгааны арга зүй

  • Сэргээн засварлагч, архитектор мэргэжлийн хэрэгцээ шаардлага, үнэ цэнэ

  • Архитектурын дурсгалыг эрсдэл, гамшгаас хамгаалах буюу дижитал сэргээн засварлалт

  • Орон нутгийн дурсгалт барилгын сэргээн засварлалтад тулгамдаж буй асуудал

  • Сэргээн засварлах үйл ажиллагааны эрх зүйн орчин зэрэг сэдвээр хэлэлцэх юм. 

 

Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир:

 

-Энэ хэлэлцүүлгээр эхний ээлжид ямар асуудал тулгарч байгаа талаар ярилцаж байна. Тулгарч буй асуудлуудаа тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Дурсгалт уран барилга, соёлын өвийн зүйлсийг сэргээн засварлах тухай асуудал чухал гэдгийг бид бүгдээрээ ойлгож байгаа. Дурсгалт уран барилгын ихэнх нь хаягдсан. Эхний ээлжинд нөхцөл байдлаа тодорхойлоод олон нийтэд хүргэх хэрэгтэй. Олон нийтийн дэмжлэг хэрэгтэй.

 

Хууль эрх зүйн асуудал сүүлийн хэдэн жил сайжирч байгаа. Гэхдээ мэргэжилтнүүдийн хамгийн их харамсаж явдаг зүйл нь зарим түүхийн дурсгалт уран барилгыг хувьчилсан явдал. Тэдгээр хувьчилсан барилгуудыг улс буцааж авахын тулд худалдаж авах хэрэг гарна. Мөн төрийн өмчид байгаа музейг хэрхэн сэргээх.

 

Тухайн дурсгалт барилгыг сэргээх нөөц боломж нь манай улсад бий юу зэрэг олон асуудлын талаар хэлэлцэнэ. Улмаар гарц гаргалгааны талаар ярина. Хамгийн сайн нь асуудлын талаар ярилцаж байна. Огт ярилцахгүй бол маш хэцүү.

 

 

Чойжин ламын сүм музейн захирал, докторант Д.Отгонсүрэн :

 

-Чойжин ламын сүм музейд 1960-аад оноос өдгөө хүртэл бүтэн сэргээн засварлалт хийгдээгүй ирсэн. Харин 2022 онд бүтнээр нь сэргээн засварлана. Гэхдээ хамгийн гол нь төсөв хөрөнгө нь шийдэгдсэн ч гүйцэтгэгч компанийн асуудал тулгарч байна. Сэргээн засварлалтын хүний нөөцийг бэлтгэх, чадавхийг дээшлүүлэхэд улсаас бодлогын түвшинд арга хэмжээ авахгүй бол төсөв мөнгө нь байгаад шийдэхэд хэцүү асуудал болоод байна.

 

Нөгөө талаас гадын мэргэжилтнүүд ирж ажиллах болсонд баяртай байгаа. 1960-аад онд БНХАУ-аас мэргэжилтнүүд ирж ажиллаж байсан түүх баримт бий. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Барилгын ажил хийгдэх хугацаа богино. Судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа. Хавраас сэргийн засварлалтын ажил эхэлнэ.

 

Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат:

 

-Дурсгалт уран барилгыг сүм хийд гэж хараад байна. Эртний хотын туурь, үлдэгдэл хана хэрэм зэргийг оруулж тооцвол Монгол Улсын хэмжээнд 700 орчим эртний хотын туурь байгаа бөгөөд сүм хийдтэй нь нийлүүлбэл 1300 орчим объект байна.

 

Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга, доктор М.Оюунтулга:

 

-Өнөөдрийн хэлэлцүүлэгт соёлын өв дотроо дурсгалт уран барилга чиглэлээр сэргээн засварлалтын арга зүй хадгалалт хамгаалалтын талаар хэлэлцүүлж байна. Монгол Улсын хувьд дурсгалт уран барилгын чиглэлд сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтыг хийсээр ирсэн. Гэхдээ олон улсын хадгалалт хамгаалалтын стандартыг хангаж ажиллах асуудалд дутмаг байгаа. Учир нь мэргэжлийн боловсон хүчин мэргэжилтэн алга, Судалгаа шинжилгээ хийх лаборатори болон тоног төхөөрөмжийн хувьд хязгаарлагдал. Дээр дурдсан асуудлуудаас үүдэж сэргээн засварлалтад дутагдалтай зүйл байна. Тиймээс энэхүү дутагдлыг Соёлын яам болон мэргэжлийн байгууллагуудын  эрдэмтэн судлаачидтай хамтран олон улсын жишигт нийцсэн хадгалалт хамгаалалтын арга зүйг Монголд нутагшуулах судалгааг эхлүүлэх зорилготойгоор энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

 

 

Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм нь 1904-1908 оны хооронд бүтээгдэн цогцолж монголчуудын сэтгэл оюун, сүсэг бишрэлд хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн билээ. Тус сүм уран барилгачдын урлахуйн гайхамшигт ухаанаар баригдсан түүх, соёлын үнэт цогцолбор бүтээл бөгөөд Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг юм. Сүмд хадгалагдах ном судар, бурхан, шашин номын эд өлгийн зүйл нь монголчуудын оюун санаа, сүсэг бишрэлийн түүхэн илэрхийлэл эрхэм нандин, үнэлж баршгүй дурсгал тул 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор “Шинжлэх ухааны хүрээлэн”-ийн мэдэлд шилжүүлж, улмаар 1941 онд Ямпай хаалгыг, 1960 онд сүмийг бүхэлд нь төрийн хамгаалалтад авсан түүхтэй.

 

Эдүгээ Чойжин ламын сүм музей нь уран барилгын үнэт дурсгал болсон таван сүмд Монголын түүх, шашин, соёл, урлагийн үнэт өв болох 6000 гаруй хосгүй үнэт, үнэт үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин