Пфайзер вакцины гурван тун Омикрон штаммыг саармагжуулж байна
2021-12-09

Пфайзер компани коронавирусээс сэргийлэх Pfizer/BioNTech вакцин омикрон штаммыг эсэргүүцэх чадвартай эсэхийг судалсан урьдчилсан судалгааныхаа дүнг танилцуулжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Судалгаанаас харахад, Пфайзер вакцины хоёр тун омикрон штаммаас найдвартай хамгаалахад хангалтгүй гэдэг нь батлагджээ. Гэхдээ энэ вакцины гурван тунг тариулвал вирусийг саармагжуулах чадвартай гэж эрдэмтэд мэдэгджээ. 

 

Судалгаанаас харахад, Pfizer/BioNTech вакцины хоёр тунг тариулсан хүмүүст омикрон штаммыг саармагжуулах чадвар өмнөх бусад штаммуудтай харьцуулахад 25 дахин бага байсан гэнэ. Гэхдээ хоёр тун вакцин тариулвал  омикрон штаммаас үүдэлтэй өвчин хүндрэхээс хамгаална гэж эрдэмтэд онцолжээ.

 

Харин энэ вакцины гурав дахь тунг тариулснаар бие организмд хангалттай хамгаалалт үүсэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

 

"Аль болох олон хүн вакцины хоёр тунг тариулж, улмаар нэмэлт дархлаажуулалтад хамрагдах нь коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх хамгийн сайн арга" хэмээн Пфайзер компанийн тэргүүн Альвберт Бурла мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Өмнөд Африкт анхлан илэрч, улмаар тус бүс нутагт дэгдэж буй халдварын ихэнх хувийг эзлэж байгаа омикрон штамм дэлхийн бусад орнуудад ч бүртгэгдэж, одоо 50 гаруй оронд омикрон штаммын халдварыг илрүүлээд байна. Энэ штаммын талаарх тодорхой мэдээлэлтэй болоход хугацаа шаардлагатай гэж ДЭМБ мэдэгдсэн бөгөөд омикрон штамм нь вакцин болон коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа үүсэх дархлааг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин