М.Оюундэмбэрэл: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн талаараа анх ангийнхнаасаа сонссон
2021-12-09

 

Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хот, хөдөөгийн 330 сум, 171 хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг сонгож нэг жилийн хугацаанд эх орондоо бэлтгэн гадаад улсын их, дээд сургуульд сургах юм.

 

Уг тэтгэлэгт хөтөлбөрт Увс аймгийн Цагаанхайрхан сумаас шалгарсан ШУТИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Мөнхбаатарын  Оюундэмбэрэлтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр, Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж өссөн. Цагаанхайрхан сумынхаа ерөнхий боловсролын дунд сургууль, Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор II сургуулийг төгссөн юм. ЭЕШ-аа сумын сурагчдаа манлайлж, хамгийн өндөр оноо авсан юм.

 

Түүний элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Физик-650, Математик-650, голч оноо-650

 

Сайн байна уу? Юуны өмнө баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Анх тэтгэлэгт шалгарсан талаарх мэдээгээ ангийнхнаасаа сонссон. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдийн нэрсийг зарласан байсан. Манай арван жилийн ангийнхан маань тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүдийн нэрсээс миний нэрийг олж хараад надад баяр хүргэж, чат бичсэн. Гайхсан. Баярласан. Тэгээд тэнцсэн хүүхдүүдийн нэрс дундаас өөрийнхөө нэрийг хайсан чинь үнэхээр тэнцчихсэн байлаа. Шууд л ээж рүүгээ залгаж баярт мэдээгээ хуваалцсан. Гэр бүлийнхэн маань баяр хүргэж, улам хичээгээрэй гэсэн. Ээж аавынхаа ачийг бага ч гэсэн хариулсан болов уу гэж боддог. Мөн энэ ярилцлагаар дамжуулж  багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

 

Цагаанхайрхан сумын ЕБС-ийг жилд дунджаар хэдэн хүүхэд төгсдөг вэ?

 

-Жилд дунджаар арванхоёрдугаар ангийг хоёр бүлгийн 50 хүүхэд  төгсдөг.

 

Цар тахлын энэ үед ЭЕШ-даа хэрхэн бэлдсэн бэ?

 

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж танхимаар хичээллэх боломжгүй болсон. Тиймээс цахимаар суралцаж, бие дааж шалгалтандаа бэлдсэн. Мөн багш нараасаа зөвлөмж зөвлөгөө,  давтлага авч байсан.

 

Цагаанхайрхан суманд халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Манай суманд халдварын тархалт бага байгаа. Хүмүүс бүгд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж байна.

 

Хотод ирээд дасаж байна уу? Оюутан болох ямар байна вэ?

 

-Хотын орчин нөхцөлд сайн дасаагүй л байна. Гэхдээ таалагдаж байгаа. Хотод цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Гэр-сургууль гэсэн маршруттай байгаа. Гэхдээ өдөрт маш олон цагийг түгжрэлд  өнгөрүүлж байна.

 

Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

 

-Өөрийгөө маш сайн хөгжүүлэхийг эрмэлздэг. Маш сайн боловсрол эзэмшиж, ээж аавынхаа ачийг хариулахыг хүсдэг.

 

Дараа жил дахин Ерөнхийлөгчийн ИЛГЭЭЛТ-2100 тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжинэ. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн гол шалгуур нь ЭЕШ. ЭЕШ-ндаа өндөр оноо авахын тулд хэрхэн бэлтгэх ёстой вэ? Зөвлөгөө өгөөч?

 

-Хүүхэд бүрийн сурах арга барил өөр. Тиймээс зөвхөн өөрт тохирсон аргаараа хичээлээ бэлдвэл үр дүнтэй. Жишээлбэл, өөрийнхөө хоббитойгоо хослуулж шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ бэлдвэл зүгээр. Мөн маш сайн тооцоолох хэрэгтэй.

 

Баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин
Арын хаалганы маанагуудыг сургаад толгой нь ажиллахгүй болохоор төгсөөд улс хөгжүүлж чадахгүй байна.намайг сургасан бол өдийд азийн бар болгочих байсын
2021-12-09