Британи Б төлөвлөгөөнд шилжив
2021-12-09

Омикрон штамм Их Британид тархаж байгаатай холбогдуулан  Британийн Засгийн газар нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ нэвтрүүлж байгаа талаараа зарласныг ВВС агентлаг мэдээлжээ. 

 

"Өмнөх Дельта хувилбараас хурдтайгаар омикрон штамм тархах нь улам бүр тодорхой болж байна. Омикрон аюул багатай гэж бид одоогоор баталж чадахгүй. Энэ хувилбараас үүдэлтэйгээр эмнэлэгт хандах хүний тоо олширч, харамсалтай нь нас баралт ч нэмэгдэж болзошгүй юм" гэж Борис Жонсон мэдэгджээ.

 

Гэхдээ Их Британийн нэг ч бүс нутагт хөл хорио шинээр тавихгүй, учир нь халдварын тоо тийм ч өндөр биш байгаа аж.

Гэхдээ омикрон штамм тархаж байгаагийн улмаас нэмэлт тунгаар дархлаажуулах ажлын цар хүрээг өргөтгөхөд ихээхэн цаг зарцуулах шаардлагатай тул "Б төлөвлөгөө" -ий хүрээнд эрх баригчид шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон талаар Борис Жонсон мэдэгджээ.

 

  • Ирэх долоо хоногоос эхлэн Англид COVID паспорт нэвтрүүлэх бөгөөд шөнийн клуб, тоглолт болон бусад олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо энэ бичиг баримтыг зайлшгүй үзүүлэх ёстой юм байна. Ийм баримт бичгийг Шотландад ашиглаж байгаа юм. Энэ паспортыг Англид нэвтрүүлэх талаар есдүгээр сард хэлэлцэж байсан ч энэ хувилбараас татгалзаж байжээ.
  • Ирэх даваа гарагаас эхлэн хүмүүсийг аль болох гэрээсээ ажиллахыг зөвлөжээ.
  • Амны хаалт зайлшгүй зүүх журам дахин үйлчилж эхэлсэн байна. Ингэснээр тээврийн хэрэгсэлд төдийгүй олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай болох аж.
  • Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтагчдыг шинжилгээнд хамруулж, халдвар авсан хүнийг тусгаарлах юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин