Оны эцэс гэхэд Британид омикроны халдварын тохиолдол нэг саяд хүрнэ
2021-12-09

Өмнөд Африкт анхлан илэрч, одоо тус бүс нутгийн орнуудын халдварын дэгдэлтийн ихэнх хувийг эзлэж байгаа омикрон штаммын халдвар дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдээд байгаа юм. 

 

Их Британи энэ штаммын дэгдэлттэй холбоотойгоор нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болж, иргэдийг нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Коронавирусийн шинэ штамм нь нэн хурдтай халдварлах чадвартай бөгөөд Британид одоогоор тохиолдол цөөн байгаа ч асар богино хугацаанд халдварын тохиолдол өснө гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Тодруулбал, энэ сарын эцэс гэхэд Их Британид омикрон штаммын халдварын тохиолдол нэг саяыг давна гэж Эрүүл мэндийн сайд Сажид Жавид мэдэгдсэн байна. Одоогоор Британийн 568 оршин суугчаас л коронавирусийн шинэ хувилбар болох омикрон штаммын халдвар илэрсэн юм. Гэхдээ бодит тоог гаргахын тулд энэ тоог 20-иор үржүүлэх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байгаа аж. 

 

Британийн Эрүүл мэндийн сайд энэ хувилбарыг илүү халдварлах чадвартайн дээр вакцины үр дүнг бууруулж болзошгүйг анхааруулсан байна.

 

"Шинээр гарсан лабораторийн мэдээллээс харахад хоёр тун вакцин халдвар дамжих эрсдлийг бууруулах нь бага" хэмээн Жавид мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин